🔴 С.Амарсайхан: Эв эе гэдэг нь үгсэн хуйвалдахыг хэлэхгүй. Хуулийн хүрээнд, ёс жудагтай, зарчимтай, шударга, нээлттэй үзэл бодлын нэгдэл байх ёстой

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн С.Амарсайхан өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр гарсан мэдээлэл болон УИХ-ын даргын томилгоотой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр өөрийгөө УИХ-ын даргын өрсөлдөөнд нэр дэвшүүлээгүй бөгөөд улс төрийн хүрээнд үүсээд буй талцал хуваагдлыг нэн даруй зогсоох шаардлагатайг онцлов.

С.Амарсайхан хэлэхдээ, "Нэгдүгээрт, би нэрээ дэвшүүлээгүй. Хоёрдугаарт, өрсөлдөөн бий болоогүй учраас нэрээ татах тухай асуудал ерөөсөө яригдаагүй. Аливаа ярьж байгаа асуудал бодитой байх ёстой. Миний барьж байгаа байр суурь бол гадаад орчин нөхцөл ээдрээтэй, улс орнууд дотоод эв нэгдлээ сахиж байгаа энэ цаг үед Монгол төрийн бодлого улс орны болон эдийн засгийн аюулгүй байдал, төрийн тогтвортой байдалд анхаарах ёстой. Хэрэв алдсан бол засаж, маргасан бол зөвшилцөж, хамтын хүчээр асуудлыг шийдвэрлэх ёстой" гэлээ.

Тэрбээр МАН доторх "30" болон "38"-ын бүлэг гэх талцал нийгэмд ил тод байгааг дурдаад, энэ нь зөвхөн нэг намын бус, улс орны эрх ашгийн асуудал болсныг сануулав. "Эв эе гэдэг нь үгсэж хуйвалдахыг хэлэхгүй. Энэ бол хуулийн хүрээнд, ёс жудагтай, зарчимтай, шударга, нээлттэй үзэл бодлын нэгдэл байх ёстой. Наашаа харж нэг юм яриад, цаашаа өөр юм ярьдаг байж болохгүй" хэмээн тэрбээр тодотгосон юм.

Мөн улс төрчид бие биеийгээ гүтгэн доромжлох, сошиалаар "намнах" ажиллагаа хэрээс хэтэрч, ёс суртахуун доройтсоныг шүүмжлэв. Өмнө нь Шадар сайдын албан тушаалаа өгөхдөө ч энэхүү талцал, хямралыг таслан зогсоохыг уриалж байснаа дурдаад, сүүлийн хугацаанд "гал дээр тос нэмэхгүй, хагарал дээр хэмхрэл нэмэхгүй" байх үүднээс хэвлэл мэдээлэлд яриа өгөлгүй, эв нэгдлийг эрхэмлэж ирснээ тайлбарлалаа.

С.Амарсайхан "УИХ-ын танхим бол ард түмний итгэл үнэмшлийн уулзвар, төрт ёсны ариун голомт. Энд дүрэм журам, зарчим, хүндэтгэл үйлчлэх ёстой. Хэрэв нам бодлогоо нэгтгээд, энэ талцал хуваагдлаа зогсоож, нэгдсэн бодлогоор нэг хүнээ дэвшүүлбэл би ачаа үүрэхэд бэлэн. Харин ямар нэгэн байдлаар талцал хуваагдлыг өөгшүүлж болохгүй" гэсэн хатуу байр суурь илэрхийлэв.

Тэрбээр ярианыхаа төгсгөлд хуулийн байгууллага хуулиа ярьдаг, улс төрчид бодлогоо ярьдаг, улс төрийн намууд зарчмаа барьдаг байх ёстойг сануулж, хувь хүний албан тушаалын төлөөх тэмцэл улс орны хямрал болон гүнзгийрэхээс сэргийлэх хэрэгтэйг онцолсон юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.