Н.Учралын бүгдийг задлах улс төр буюу жинхэнэ хагаралын үүд нээгдэхүй

Н.Учралын бүгдийг задлах улс төр буюу жинхэнэ хагаралын үүд нээгдэхүй

Улс төр учраа олж чадахгүй хэвээр байна. Уг нь МАН доторх "зодоон" эв зүйгээ олж, 30/38-аараа хуваагдсан МАН-ын бүлгийн гишүүд учраа олж Н.Учралыг МАН-ын даргаар сонгосон. Цаашлаад УИХ-ын даргын албан тушаалаас нь 30-ын бүлэг Ардчилсан намтай хамтран шахан буулгаж Засгийн газрыг тэргүүлэх эрхийг нь авч өгсөн.

Шинэ Засгийн газар хэнтэй хамтрах, хэнийг УИХ-ын даргаар тавихаас олон зүйлийн учир тайлагдах байлаа.

Үндсэндээ УИХ дахь 30-ын бүлэг буюу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын тал УИХ-ын даргыг өөрийн талаас тавьбал /С.Амарсайхан/ ганц хоёр сайдын суудал авч эвлэрэл хийхээ "амлажээ".

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг намын дарга О.Цогтгэрэлийн хүслээр Засгийн газарт оролгүйгээр ирэх 2028 оны улс төрөө санаж хүчтэй сөрөг хүчин хэвээр байна хэмээн мэдэгдэж байв.

Гэвч хагарал утгаараа эхэлж, хаа хаанаа эв зүйгээ олоогүй хэвээр байна. Тодруулбал Н.Учрал даргын улс төрийн хоржоон өөрийн намын нөхөдтэй эвлэрэхгүйгээр хүчтэй сөрөг хүчин болоод буй Ардчилсан намыг дотроос нь задлах тактикт шилжжээ.

Ардчилсан намын дотоод зодоон: Намын даргынхаа үгэнд оролгүй, өнөө маргаашдаа "хоолтойгоо золгох" гэсэн хэсэг бүлэг гишүүд нь Засгийн газарт хамтрах санал илэрхийлж, тэр ч байтугай дэмжихгүй байгаа намын даргаасаа давхар дээлийг нь авч хаяж УИХ дахь АН-ын бүлгийн даргаас нь огцруулах гарын үсэг цуглуулаад эхэлжээ. Тэд үндсэндээ намын дарга тэргүүтэй бүлгээсээ салж МАН-ын Засгийн газарт хамтарчихвал Ардчилсан намд О.Цогтгэрэл даргыг дагасан нэг хэсэг, Засгийн газарт хамтарсан нэг хэсэг гэж хоёр хуваагдана. Энэ галыг Н.Учралын улс төрийн тойрон хүрээлэгчид өрдөж, сайдын зөөлөн суудалд тухлах шуналыг нь дэврээсээр буй.

30-ын бүлэг: Уг нь УИХ-ын даргын суудлыг энэ талд өгчихвөл 2-3 сайдын суудлыг /Үндэсний эвсэлийг оруулаад/ авч МАН дотроо эв нэгдлийг хангая гэсэн аж. Гэвч Н.Учрал нам доторх сөрөг хүчинтэй тулснаас АН-ыг задлан бутаргаж, сайдын сэнтий мөрөөдөгчидтэй гар нийлэн ажиллаваас цаашдын улс төр нь зөөлөн хэмээн сэтгэжээ. Тэрбээр УИХ-ын даргын сэнтийг 38-ын бүлэгтээ өгчихөөд 30-ын бүлэгт сайдын суудал нэмж амалсан гэх. Иймд энэ талынхан 38-ын бүлэгтэй эрс хатуу тэмцэхээ өнөөдөр өглөөнөөс эхлэн мэдэгдэж эхэллээ. Жишээ нь А.Ариунзаяа нь "Улс төрийн өшөө авалтаа зогсоо.  Анх намын удирдлагыг дэмжиж, эв нэгдлийг эрхэмлэхээр тохиролцсон ч бодит байдал дээр улс төрийн өшөө авалт, хонзон авах ажиллагаа зогсохгүй даамжирч байна" хэмэнэ мэдэгдсэн бол П.Сайнзориг "УИХ-ын даргыг ингэж сонгож байгаа бол 30-ын бүлэг хэдэн ч сайдын суудал амласан авахгүй, Засгийн газарт орохгүй. Цаашлаад бүлгийн хуралдаа ч суухгүй" хэмээн тунирхав. Даарин дээр нь давс нэмж МАН-ын ЕНБД Я.Содбаатар 30-ын бүлгээс зүтгүүлж буй С.Амарсайханыг "УИХ-ын дарга болохгүй хэмээн өөрөө нэрээ татсан" хэмээн худал ярьсан нь галын дэврээжээ. 

Н.Учрал: Түүнд хэцүүхэн сорилт тулгарлаа. Өөрийг нь намын даргын зөөлөн сэнтий хийгээд Ерөнхий сайдын хатуухан сэнтийд залсан ах нарын хүчтэй шахалтаар УИХ-ын даргын сонголтод хүчтэй нөлөөлөл үзүүлж чадсангүйгээр барахгүй сайд нараа ч өөрөө мэдэж томилж чадахгүйд хүрэв. УИХ дахь ХҮН-д л ганцхан урилга хүргүүлснээс бусдыг нь түрдээ орхичихсон. Тэдэнд багтах зай олдохгүй л байгаа болов уу. Ингэснээр УИХ-д буй өөрийн намын 30-ын бүлэг, Үндэсний эвсэл, ИЗНН, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг дагасан кнопуут гээд үндсэндээ 50 шахам кноп түүний эсрэг талд гарчихлаа. 

Н.Учрал Засгийн газраа байгуулж чадахгүй хэмжээнд хүртлээ улс төр улайсчээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.