🔴 П.Сайнзориг: УИХ-ын даргыг ингэж сонгож байгаа бол 30-ын бүлэг хэдэн ч сайдын суудал амласан авахгүй, Засгийн газарт орохгүй
УИХ-ын гишүүн П.Сайнзориг намын дотоод нөхцөл байдал болон шинээр байгуулагдах Засгийн газрын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр УИХ дахь МАН-ын 30 орчим гишүүнийг төлөөлөн хэлэхдээ, тэдгээр гишүүд дараагийн Засгийн газарт орж ажиллахгүй бөгөөд хэчнээн сайдын суудал амласан ч татгалзана гэдгээ мэдэгдэв. Тэдний гол зорилго нь албан тушаал бус, намын эв нэгдлийг хангах, Засгийн газарт ур чадвартай, ажил хийх чин эрмэлзэлтэй хүмүүсийг томилж ажиллуулах явдал гэдгийг онцоллоо.
УИХ-ын даргын томилгоо нь цаашдын улс төрийн нөхцөл байдлыг тодорхойлох гол шалгуур болно гэж тэрбээр үзэж байна. Хэрэв томилгоог талуудын ойлголцлыг хангахгүйгээр хүч түрэн хийвэл дараа дараагийн улс төрийн алхмуудыг хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. П.Сайнзориг гишүүний хэлснээр, УИХ-ын дарга нь талцал хуваагдлыг ашиглан улс төр хийдэг бус, харин намын дотоод эвлэрлийг хангаж чадах хүн байх ёстой аж.
Намын доторх "30" болон "38"-ын бүлэг гэгдэх хуваагдлын асуудлыг шийдвэрлэх эхлэл нь томилгооноос шууд харагдана гэдгийг тэрбээр санууллаа. Хэрэв ойлголцол бүрдэхгүй, зөвхөн нэр төдий байдлаар асуудалд хандвал намын бүлгийн хуралд суух шаардлага ч байхгүй гэж үзэж байгаагаа нуусангүй. Тэрбээр намын даргын гаргаж буй улс төрийн шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа илэрхийлээд, бие даасан, зарчмын шийдвэр гаргахыг уриалав.
Тэрбээр үргэлжлүүлэн, "Бид заавал Засгийн газарт орох шаардлага байхгүй. Харин парламентын ардчиллыг бэхжүүлэх, зарчмын байр суурин дээрээ хатуу зогсох болно. Намын дарга эв нэгдлийг хангасан шийдвэр гаргавал бүрэн дэмжинэ. Эс бөгөөс бидний 30 гишүүн ямар нэгэн байдлаар засагт орохгүйгээр ажиллах болно" хэмээн байр сууриа бататгалаа. Олон нийтийн дунд тэднийг сайдын суудалд горилж байна гэх мэдээлэл байгаа ч, бодит байдал дээр тийм хүсэл сонирхолтой хүн байхгүй гэдгийг тэрбээр хариуцлагатайгаар мэдэгдэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.