🔴 Х.Тэмүүжин: УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч байгаа хүн нэр дэвшиж, санал хураалтаар УИХ-ын дарга болох ёстой
Ардчилсан намаас “4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2026.04.02/ хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин болон УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар мэдээлэл өгсөн юм.
Х.Тэмүүжин: УИХ-ын дарга төвийг сахисан байх ёстой. Түүнээс биш өөрийн гарч ирсэн намын даргыг сонгодог байж болохгүй. УИХ-ын дарга намчирхах ёсгүй. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу 64 гишүүний гарын үсэг авсан нэр дэвшигч УИХ-д орж ирж, саналаа хураалгах ёстой. Аль нэг нам, бүлгийн шийдвэрээр биш. УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч байгаа хүн нэр дэвшиж, санал хураалтаар УИХ-ын дарга болох ёстой. Энэ зарчмыг бид хатуу баримтална. Энэ зарчмын дагуу УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад удаж байна.
Одоо УИХ-ыг удирдаж байгаа Ж.Бат-Эрдэнэ буюу УИХ-ын дэд даргыг албан ёсоор бид удирдаж байхад чуулганы хуралдаан дээр энэ хуулийг өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцье. Хуулийн төсөлд бүх зүйлийг маш тодорхой заасан байгаа. УИХ-ын дарга намаасаа түдгэлзэнэ, УИХ-ын даргыг олонх буюу 64 гишүүн нэр дэвшүүлж сонгоно гэсэн заалтуудыг оруулсан. Өргөн барьсан хуулиа УИХ-аас хэлэлцэхийг шаардаж байна. УИХ-ын дээр нам ноёлдог социализмын үе өнгөрсөн. Өмнө нь ардын депутатуудын дээр нэг нам ноёрхож байсан. Ганц хурал дээр биш, нийгмээр нь ноёрхож байсан. Одоо бид олон ургальч үзэлтэй, олон намын тогтолцоотой учраас УИХ дотроо асуудлаа шийддэг болох ёстой. Намын хурлаа парламентаас гадуур хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн бус арга замаас салах шаардлагатай байна. Үндсэн хуульд тодорхой заасан: УИХ 126 гишүүнээс бүрдэнэ. Танхимын дарга хэн байхыг парламентийн 64 гишүүн шийднэ. Түүнээс намын бүлэг биш, тухайн УИХ-д суудалтай нам биш.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Энэ долоо хоногийн даваа гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Туулын хурдны зам” сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд парламентын хяналтыг улам бэхжүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс бүлгийн дүрэмдээ хуралдааныг нээлттэй хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулах боломжийг нээсэн. Тус нээлттэй хэлэлцүүлэгт нийт 30 орчим иргэний нийгмийн байгууллага, судлаачдын төлөөлөл, мөн холбогдох төр, захиргааны байгууллагын төлөөллүүд оролцсон. Хэлэлцүүлэг нийт зургаан цаг үргэлжилж, 100 гаруй асуулт, хариулт өрнөсөн.
“Туулын хурдны зам” төсөл нь иргэдийн дунд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Харамсалтай нь, манай хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрөө оролцоогүй. Харин эсрэгээрээ парламентыг үл хүндэтгэн, жагсаал цуглаан зохион байгуулсан. Харамсалтай нь, байгаль орчны асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй. Тухайлбал, Усны газрын мэдээлснээр усны нөлөөллийн дүгнэлтийг хийж чадаагүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь нийслэлийн удирдлагаас холбогдох төлөвлөлтийн нарийвчилсан зураг, тооцоог ирүүлээгүй гэсэн тайлбар өгсөн. Энэ жишээнээс харахад байгаль орчны үнэлгээтэй холбоотой олон асуудал байгааг тодорхой харуулж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.