🔴 Б.Баярбаатар: Манай намд хоосон эв нэгдэл хэрэггүй
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд намын эв нэгдлийг хангахын тулд олон асуудалд хүлээцтэй хандаж, дэмжих ёстой бодлогуудыг дэмжиж ирлээ. Улс төрийн талцал хуваагдал бол өмнө нь ч байсан, цаашид ч байх асуудал. Хамгийн гол нь бид улс төрийн ойлголцол гэдэг зүйлийг зөвөөр ярих ёстой. Улс төрийн ойлголцол гэдэг нь албан тушаалын тохироо хийх тухай асуудал огт биш юм.
Өнөөдөр "30-ын бүлэг" гэж нэрлэгдээд байгаа УИХ-ын гишүүд анхнаасаа л намын зарчим, эв нэгдлийг хангахын төлөө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг хамгаалж, тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж ирсэн. Намын залуу дарга Их хурлаараа Ерөнхий сайдын эрх мэдэл болон улс төрийн эрх мэдлээ нэгтгэж авлаа. Одоо бид намын удирдлагын зүгээс эв нэгдлийг үнэхээр хангах бодит бодлого байна уу, үгүй юү гэдгийг л харж байна. Дүр эсгэсэн эв нэгдэл улс оронд хэрэггүй.
Бидэнд албан тушаал хуваалцах, Засгийн газрын гишүүн болох эсвэл сайдын суудалд очих сонирхол болон шаардлага анхнаасаа байгаагүй. Өнөөдөр бид гүйцэтгэх засаглал гэхээсээ илүү парламентын тогтолцоогоо бэхжүүлэх, засаглалын дархлааг тогтооход илүү анхаарч ажиллаж байна.
Сайд болох гээд гүйгээд байгаа нөхдүүд УИХ-ын гишүүдээс ердөө хоёрхон зүйлээр л илүү байдаг. Нэг нь төсөв захиран зарцуулах эрх, нөгөөх нь хүний нөөцийн томилгоо хийх буюу хүн ажилд авах боломж юм. Үүнээс өөр илүү гараад байх зүйл сайдын албан тушаалд байхгүй
Эдийн засаг хямарсан, дэлхий дахины нөхцөл байдал хүнд байгаа энэ үед эв нэгдлийг хангахын тулд бодитой алхмууд хийх ёстой. Үүний тулд төрийн засаглалын тодорхой байдлыг ярилцах шаардлагатай байна. Тухайлбал, УИХ-ын даргыг сонгохдоо Үндсэн хуулийн зарчмаа баримталж, гишүүд дотроосоо сонгох эрхийг нь парламентад үлдээх хэрэгтэй. Цаашлаад УИХ-ын дарга буюу спикер хүн сонгогдсоныхоо дараа нам бус байх зарчим нь засаглалын тэнцвэрт байдалд илүү нийцнэ гэж харж байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацааг "хайран хугацаа" гэж тодорхойлж болно. Намын дүрэм, журам гэдэг бол хэн нэгний санаанаасаа зохиосон зүйл биш, олон жилийн туршлагаас ургаж гарсан зарчим байдаг. Бид энэ зарчмаа алдсанаар нэг жилийн турш улс төрийн тогтворгүй байдал, намын талцал хуваагдал дунд явлаа. Намын зовлон хэрхэн төрийн зовлон болж, цаашлаад иргэд, аж ахуйн нэгж, улс орны эдийн засагт яаж сөргөөр нөлөөлдгийг бид харлаа. Одоо энэ бүхнээс дүгнэлт хийж, бодитой ойлголцолд хүрэх эрх мэдэл нь намын удирдлагуудад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.