Террорист үйл ажиллагаанд уриалсан гэх хэргийг цагаатгажээ

Террорист үйл ажиллагаанд уриалсан гэх хэргийг цагаатгажээ

Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг иргэн Н.Ганзориг олон нийтийн сүлжээнд 2025 оны есдүгээр сард “Аравдугаар сарын 1-нд монголчуудаа босож очоод муу гөлөгнүүдийг бензин цацаж байгаад амьдаар нь шатаая, бууз шиг чимхэж байгаад жигнэж идье. Талбай дээр цуглая, п...-нуудыг чихдэж гаргаж ирж байгаад шууд алахыг нь ална. Хүрэлсүхээ гөлөг минь аравдугаар сарын 10-наас өмнө юм хийхгүй бол би цааш нь харуулна шүү муу п... минь чамайг хөлөөс чинь дүүжлээд Сүхбаатарын хөшөөний гараа өргөчихсөн байгаа дээрээс ингээд дүүжлээд доошоо харуулаад хамаг цусыг чинь тархи руу нь юүлээд гөлөг минь амьдаар чинь хатааж ална шүү” гэх зэргээр элдэв үгээр хараал хэлж, шууд бичлэг (live) удаа дараа хийж, дамжуулжээ.

Үүнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газар, Мөрдөн шалгах газар, ЭЦА-ныхан хэрэг нээн шалгах явцад Н.Ганзориг автомашиндаа багагүй хэмжээний мансууруулах бодис хадгалж байсан нь илэрсэн аж.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 20.2-1 дэх хэсгийн “Террорист үйл ажиллагаа явуулахыг уриалсан, бусдыг хатгасан”, 20.7-1-ийн “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх уг хэргийг энэ оны нэгдүгээр сарын 21-нд хэлэлцэхэд Н.Ганзориг “Тухайн үед Непал улсад болсон үйл явдлыг үзээд, 2008 оны долоодугаар сарын 1-нд манайд болсон аймшигт үйл явдлыг харсан хүний хувьд залуучуудыг тийм зүйлд битгий ороосой, бодлогогүй үйлдэл хийж, асуудалд оруулахгүй байх үүднээс миний бие лайв хийж жагсаал цуглааныг хамаагүй хийж, бусдын өмч хөрөнгийг сүйтгэж болохгүй гэх байдлаар хийсэн. Үнэхээр жагсмаар байгаа бол аравдугаар сарын 01-нд залуучуудаа цай, сүүгээ бариад тайван замаар жагсъя, улс төрийн хүмүүст үзэл бодлоо илэрхийлье гэсэн утгаар лайв бичлэг хийсэн” хэмээн мэдүүлжээ.

Шүүх хэргийн хянан хэлэлцээд террорист үйл ажиллагаанд уриалсан, хатгасан гэх үйлдэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө хариуцлага хүлээлгэхийг Эрүүгийн хуулиар хориглосон” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон байна

Харин мансууруулах бодис хадгалсан үйлдэлд нь нэг жил хорих ял шийтгэсэн юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Н.Ганзоригт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.