МАН-ыг эвлэрүүлэгч
Монгол ардын нам олонх болох бүрдээ эв нэгдэлгүй болж, Засгийн газраа ээлж дараалан унагаж ирсэн түүхтэй.
2016-2000 оны сонгуульд үнэмлэхүй олонх буюу 65 суудалтай болсон МАН 32, 33-ын болж хуваагдан Засгийн газраа унагаж, унагах гэж оролдож байв. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тал дийлснээр тэрхүү “дайн” намжиж байлаа.
Өнгөрсөн сонгуулиар 68 суудал авч олонх болсон МАН бас л олуул болсныхоо үйл лайг эдэлж байна. Гурван жилийн нүүр үзэхэд ард түмэн гурван Засгийн газрын бараа харлаа. “Үлдсэн хоёр жилд дахиад хоёр Засгийн нүүр үзнэ” гэж зарим нь даапаалж байна.
Засаг унах бүрийд ард түмний амьдрал хэцүүддэг, эдийн засаг урууддаг. Зарим газар махны үнэ кг нь 36 мянга хүрчихлээ. Өргөн хэрэглээний барааны үнэ дээш пуужиндаж байна.
Гэтэл олонх эрх мэдлийн төлөө дайтсаар. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олдоггүй юмсанж.
Өнөөдөр УИХ-ын дарга тодорно. УИХ-ын дарга тодорсноор Н.Учралын Засгийн газрын сайдын нарын нэрс зарлагдана. Засгийн газрын гишүүд тодорчихсон хүлээгдэж байгаа бол 30, 38-аар хуваагдсан МАН-ын хоёр бүлэг УИХ-ын дарга дээрээ тохирч чадахгүй байна.
30-ын бүлгээс Шадар сайд асан С.Амарсайханыг зүтгүүлж байна. Өдгөө намын бус, төрийн зовлон болчихоод байгаа МАН-ын хуваагдлыг эвлэрүүлж чадах ганц хүн нь С.Амарсайхан гэж үзэж байгаа юм байна.
Учир нь тэрээр, Шадар сайдын албаа өгөхдөө 38-ын бүлэгтэй харилцах харилцаагаа таслаагүй аж. Яаж ч муудсан эвлэрэх орон зайг үлдээх зарчмыг баримталжээ. Дипломат зан гаргажээ. Иймдээ өнөөдөр хоёр тал болоод нэг нэгнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа 30,38-ын холбогчоор тодроод байгаа аж.
МАН-ын Удирдах зөвлөл 09.00 цагт хуралдахаар товлогдсон.
С.Амарсайханыг УИХ-ын даргаар нэрлэх болов уу.
Тэр бол эвлэрүүлэгч, эв нэгдлийг зуучлагч, МАН-ын зодооныг зогсоогч, улс төрийн гацааг арилгагч, төвийг сахигч болж тодроод байгаад асуудлын гол нь байгаа юмсанж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.