🔴 Л.Мөнхбаясгалан: Сангийн яам нэн тэргүүний зорилт гэж тодорхойлсон атлаа хүүхдээс хоолны мөнгийг байнга харамлаж байна
Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн Хоол үйлдвэрлэлийн хуулийн хэрэгжилтийн талаар өнөөдрийн Монгол Улсын Их хурлын Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцсэн. Энэ хууль нь "Үдийн хоол" хөтөлбөрийн суурь хууль бөгөөд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг "Нэг хүүхдэд 2500төг төсөвлөж өгч байгаа. Тэр үед 11-12 мянган төгрөг байсан мах өнөөдөр 30 мянга давчихлаа. Хүүхэд биед шаардлагатай шим тэжээлээ авч чадаж байна уу" гэдэг асуудлыг хөндөж байгаа юм.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн хоолны зардал, чанар болон холбогдох хууль эрх зүйн орчны талаар салбарын яамдаас тайлбар авлаа. Тэрээр орон нутагт ажиллах үеэр иргэдээс хүүхдийн хоолны хүртээмж, зардлын талаар маш их гомдол ирж байгааг онцлоод, өнөөдрийн мөрдөгдөж буй тарифууд бодит амьдралд нийцэхгүй байгааг шүүмжлэв.
Одоогийн байдлаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 4000 төгрөг (үүний 1000 төгрөгийг эцэг эх гаргадаг), бага ангийн сурагчдын үдийн хоол 2500 төгрөг, тусгай хэрэгцээт хүүхдийнх 3400 төгрөг, харин дотуур байрны хүүхдийн хоолны зардал 6000-6300 төгрөг байна. Гэвч энэ мөнгө нь хүүхдийн хоолны түүхий эдийн зардалд хүрэлцдэггүй бөгөөд дотуур байрны хүүхдүүд эцэг эхийнхээ дэмжлэгээр хооллож байгааг гишүүн хэллээ. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу Тендерийн хууль нь алслагдсан сумдад хамгийн их саад болж, чанартай хүнс нийлүүлэх боломжийг хязгаарлаж байгааг иргэд шүүмжилж байгааг хэлэв.
Энэхүү ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
Мөн дунд болон ахлах ангийн сурагчдыг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулах асуудлыг хөндлөө. Хууль нь батлагдсан боловч УИХ-ын 2022 оны тогтоолоор хэрэгжилтийг нь хойшлуулсаар байгааг тэрээр сануулав. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 271.7 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд Сангийн яам үүнийг нэн тэргүүний зорилт гэж тодорхойлсон атлаа бодит ажил хэрэг болгохгүй байгааг шүүмжилсэн юм.
Түүнчлэн Сангийн яамны бодлогын зөрүүтэй байдлыг гишүүн онцлон тэмдэглэв. Тамхины хяналтын тухай хуулийн дагалдах хуулиар тамхины татварыг нэмэгдүүлж, түүний 50 хувийг хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах, дунд, ахлах ангийнхныг үдийн хоолонд хамруулахад зарцуулах санал гаргасан боловч Сангийн яамны Татварын бодлогын газраас үүнийг эсэргүүцэж байгааг тэрээр шүүмжлэв. Яамны удирдлагууд хүүхдийн хоолны зардлыг нэмэх шаардлагатай гэж ярьдаг атлаа бодит эх үүсвэр бүрдүүлэх санаачилгыг дэмжихгүй байгаа нь ойлгомжгүй байна гэв.
Цэцэрлэгийн хүүхдийн хүнсний хангамжийн зохицуулалт сургуулийнхтай адил тодорхой бус байгааг гишүүн асууж, хүүхдийн тоглоом наадамд жилд хэдэн төгрөг төсөвлөдөг талаар тодруулга хүслээ. Боловсролын яамны зүгээс энэ жил хүүхдийн тоглоомд 800 сая төгрөг төлөвлөсөн гэх мэдээллийг өгсөн юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс сургуулийн хоолны түүхий эдийн аюулгүй байдал, гарал үүслийн гэрчилгээнд хяналт тавьж байгааг хэлсэн бол Сангийн яамнаас дотуур байрны хүүхдийн хоолны тарифыг 2024 онд нэмэгдүүлсэн боловч цаашид инфляцтай уялдуулан нэмэхэд төсвийн хязгаарлалт саад болж байгааг тайлбарлав. Мөн зөвхөн хоолны мөнгө тавиад зогсохгүй гал тогооны тоног төхөөрөмж, хүчин чадал, хүний нөөцийг нэмэгдүүлэх цогц зардал шаардлагатай байгааг албаныхан хэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.