🔴Х.Нямбаатар: Туулын хурдны замын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ бүх гарын үсэг бүрэн, хууль ёсны дагуу баталгаажсан
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Туулын хурдны замын төслийн явц, зураг төсөл болон байгаль орчны үнэлгээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Уг төслийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ 2013 оноос хийгдэж эхэлсэн бөгөөд үе үеийн Зам тээврийн сайд нарыг дамжин боловсруулагдсаар 2023 онд бэлэн болсон. Анхны зураг төслөөр 34 км замын 1.2 км нь гүүрэн байгууламж, үлдсэн хэсэг нь өндөр шороон далан байхаар төлөвлөгдөж байсан ч Засгийн газар санхүүжилтийг шийдэж чадаагүй тул 2024 онд нийслэл рүү шилжүүлсэн гэлээ.
Төслийн өртөг өмнөх тооцооллоос 200 сая ам.доллароор нэмэгдсэн шалтгаан нь замын эгнээг дөрөв байсныг 6 болгон өргөтгөж, гүүрэн байгууламжийн хэмжээг 1.2 км-ээс 9.9 км болгож өөрчилсөнтэй холбоотой гэв. Хотын төв дундуур 10 км урт өндөр шороон далан барих нь зохимжгүй гэж үзэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Яармагийн гүүр хүртэлх хэсгийг бүхэлд нь гүүрэн байгууламж болгохоор шийдвэрлэжээ. Трассын хувьд үндсэн чиг өөрчлөгдөөгүй бөгөөд зөвхөн зарим барилга байгууламж болон өндөр хүчдэлийн шугамаас шалтгаалж бага зэргийн даялалт хийгдсэн байна.
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тухайд бүх гарын үсэг бүрэн, хууль ёсны дагуу баталгаажсан гэлээ. Үнэлгээний компани доторх цалин хөлстэй холбоотой маргаанаас үүдэж "гарын үсэг зурагдаагүй" гэх ташаа мэдээлэл гарсан болохыг тодотгоод, усны болон геологийн дүгнэлтүүд ажлын зурагтайгаа уялдаж хийгдсэн гэлээ. Төсөл нь олон улсын "Фидик" (FIDIC) дүрмийн дагуу EPC буюу зураг төсөл, барилга угсралтыг хамтатган гүйцэтгэх гэрээгээр хэрэгжиж байгаа тул ажлын зураг дуусах шатанд геологийн эцсийн дүгнэлтүүд гарч, холбогдох байгууллагуудад хүргэгдэж байгаа аж.
Тендер сонгон шалгаруулалтын тухайд, хоёр дахь шатны шалгаруулалтаар "Чайна Хайвэй" компани бусад гурван компанитай өрсөлдөж, үнийн санал болон туршлагаараа шалгарсан байна. Тус компани нь -20 хэмээс дээш хүйтэнд гүүр барих туршлагатай бөгөөд гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг банкны баталгаа болон даатгалд үндэслэн олгож байгааг Хотын дарга хэллээ. Сангийн сайдын тушаалын дагуу төсөвт өртгийн 30 хүртэлх хувийг урьдчилгаа болгон өгөх нь хууль ёсны үйлдэл бөгөөд ямар нэгэн эрсдэлгүй аж.
Туул голын бургасыг устгаж байна гэх шүүмжлэл гарсан. Судалгаагаар тухайн орчмын бургасны 80 орчим хувь нь 50-иас дээш жилийн насжилттай, 1966 оны үерийн дараа ургасан байдаг аж
Эрдэмтдийн зөвлөснөөр барилгын ажил дууссаны дараа тухайн хэсэгт нөхөн сэргээлт хийх бүрэн боломжтой. Байгаль орчны үнэлгээгээр барилга угсралтын үед ургамалд 8 хувийн нөлөөлөл үзүүлэх ч, ашиглалтад орсны дараа байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө маш бага байхаар гарчээ.
Төслийн өртгийг бусад гүүртэй харьцуулахад, 750 метр урт Олимпын гүүр 45 сая ам.доллароор баригдсан бол Туулын хурдны замын 9.9 км урт, зургаан эгнээ гүүрэн байгууламж нь ойролцоогоор 280 сая ам.доллароор баригдаж байна. Энэ нь нэг км-т ногдох өртөг нь 28 сая орчим ам.доллар болж байгаа бөгөөд дэлхийн жишиг болох 20-150 сая ам.долларын хамгийн доод босготой ойролцоо байгааг Х.Нямбаатар тайлбарлав. Нийт 2.3 их наяд төгрөгийн төсвийн тодорхой хэсэг нь татвар, захиалагчийн хяналт болон бусад зардалд зарцуулагдах юм.
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Нарны гүүрний ачаалал 11 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 9 хувиар буурч, нийт түгжрэлд 30 хувийн эерэг нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол гарчээ. Мөн маргааш "Тойрог хурдны зам"-ын тендерийг нээх бөгөөд энэ хоёр зам нийлснээр Улаанбаатар хотын түгжрэл 50 хувь хүртэл буурах боломжтойг онцоллоо. Хотын захиргаа одоо замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаан болон "Mezum" программ ашиглан тооцоолж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөлтөө хийж байгаа тайлбарлав.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.