🔴 УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нийслэлийн орлогч Т.Даваадалайг төрийн ордонд "зоджээ"
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Төрийн ордонд УИХ-ын гишүүнтэй үүссэн үл ойлголцол болон биед нь халдсан гэх асуудлаар тайлбар өглөө. Тэрбээр болсон үйл явдлыг тодруулахдаа, төслийн явцтай холбоотой санал хураалтын дүн "0" гарсантай холбогдуулан бодит байдлыг хэлсний төлөө ийнхүү зүй бус харилцаа үүссэн гэдгийг онцолсон юм.
Т.Даваадалай хэлэхдээ, "Санал хураалтын дүн 0 гарахаар нь би 'нойл орчихлоо' гэж хэлсэн. Гэтэл үүнийг маань 'томорлоо' гэж хүлээж аваад, уурлаж бухимдан, улмаар биед халдах үйлдэл гаргалаа. Төрийн ордонд, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн ийм соёлгүй үйлдэл гаргаж байгааг нийслэлийн зүгээс УИХ-ыг үл хүндэтгэсэн хэрэг гэж харахгүй байна. Харин тухайн хувь хүний ёс зүйн асуудал гэж харж байна" хэмээв.
Бичлэгийг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
НЗД-ын орлогч Т.Даваадалайгийн тайлбар
Д.Энхтүвшин гишүүн уучлалт гуйв
Мөн тэрбээр энэхүү маргааныг улс төрийн зорилготой эсэргүүцэл байж болзошгүйг дурдлаа. Нийслэлийн зүгээс агаарын бохирдлыг 30 хувиар бууруулж чадсан бөгөөд одоо түгжрэлийг 30 хувиар бууруулахаар ажиллаж байгааг онцлоод, зарим улс төрчид өөрсдийн эрх ашгийн үүднээс хийгдэж буй ажлуудад атаархах, саад болох хандлага гаргаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүний зүгээс гаргасан үйлдлийн талаар хуулийн байгууллагад гомдол гаргах эсэхийг тодруулахад "Би нийслэлийн иргэдийн төлөөлөгч хүн. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Болсон үйл явдлын хувьд эр хүний хувьд гомдол гаргаад байх асуудал биш гэж үзэж байна. Надад айж сандрах зүйл байхгүй, зарчмын байр суурин дээрээ хатуу зогсоно" гэсэн хариултыг өгсөн юм.
Төгсгөлд нь тэрбээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөөх ажлууд үргэлжлэх бөгөөд аливаа гүжирдлэг, дайралтад мэтгэлцээний журмаар хариу өгч ажиллахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.