🔴 С.Эрдэнэболд: Өнгөрсөн 20 сарын хугацаанд МАН-ын 68 гишүүний 60 нь сайд хийгээд үзчихлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нэр дэвшигчид хандан байр сууриа илэрхийллээ. Тэрээр төрийн үйл хэрэгт цаг баримтлах хариуцлагаас эхлээд бодлогын томоохон шинэчлэлүүдийг хийх шаардлагатайг сануулав.
С.Эрдэнэболд гишүүн нэр дэвшигчийг Монголын түүх, уламжлалт төрийн ухааныг судалсан хүний хувьд "Энхтөр сэтгэгдэх" буюу иргэдийнхээ сэтгэлийг амуулах, өрхийн амьжиргааг дэмжсэн бодлогыг тууштай хэрэгжүүлэхийг хүслээ. Түүнчлэн төрийн засаглалд "сүр хүч" буюу хуулийн засаглал, "өршөөл журам" буюу ард түмнээ гэх нинжин сэтгэл хоёр тэнцвэртэй байх ёстойг онцлов. Улс төрийн ойлголцол нэрээр гэмт хэрэгтнүүдийг хаацайлж, жирийн иргэдэд хууль хатуу үйлчилдэг гажуудлыг таслан зогсоох ёстойг тэрээр анхааруулсан юм.
Сүүлийн 20 сарын хугацаанд гурав дахь Ерөнхий сайдын асуудал яригдаж, давхардсан тоогоор 60 гаруй хүн сайдын алба хашиж байгаа нь засаглалын үр ашиг, бүтээмжийг унагаж байгааг гишүүн шүүмжиллээ. Тэрээр хэлэхдээ, "2016 оноос хойш 10 жилийн турш нэг нам засаглаж байна. Тиймээс таны яриад байгаа 'эрх чөлөөг чөлөөлөх' үйл хэрэг өөрийн намынхантайгаа хариуцлага тооцож, хууль ёсыг сахиулахаас эхэлнэ. Өнгөрсөн хугацааны алдагдсан боломж, хууль бус үйлдлүүдэд хариуцлага тооцохыг онцгойлон сануулъя" гэв.
Видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
Мөн тэрээр нэр дэвшигчид хандан тойрон хүрээлэгчид болон бялдуучдаас болгоомжлохыг сануулж, Р.Чойном агсны шүлгээс эш татлаа. Төрийн бодлогын оронд хов жив, хар пи ар-аар удирдагчдын оюун санааг самууруулдаг түүх давтагдах вий гэдгийг анхааруулаад, "Тангараг өргөөд гарахад чинь хамгийн түрүүнд санал хэлж, бүчиж авах хүмүүсийг тогтоож аваарай. Тэд бол хамгийн түрүүнд урвах хүмүүс байдаг. Өөрийн гэсэн тодорхой зарчимтай, Монголынхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллахыг хүсье" хэмээн үгээ төгсгөв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.