🔴 Монгол улсын 35 дахь Ерөнхий сайдаар Ням-Осорын Учрал томилогдлоо
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар /2026.03.30/ хэлэлцлээ. Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулав.
Тэрбээр, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр олонх суудал авсан МАН-аас Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 2026 оны гуравдугаар сарын 29-ний өдөр ирүүлснийг дурдаж, түүний товч намтрыг уншиж сонсгосон.
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2010 онд оноос хойш сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, улс төрийн болон төрийн хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлага мэдлэгтэй бөгөөд төрийн удирдах албан тушаалд ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэн хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, мөн үг хэлж эхэллээ.
Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд 107 гишүүн оролцсоноос 88 нь дэмжиж, 19 нь татгалзсанаар гишүүдийн 82,2 хувийн саналаар Монгол улсын 35 дахь Ерөнхий сайдаар Ням-Осорын Учрал томилогдлоо.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.