🔴 Н.Учрал: Сайд хүн салбараа удирдахдаа сайн менежер байж, чаддаг хүнээр нь ажлыг нь хийлгэдэг байх шалгуур тавина
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нэр дэвшигч Н.Учралд хандан, төрийн өндөр албан тушаалуудыг богино хугацаанд ээлжлэн хашиж буйг нь тэмдэглээд, улс орны нийгэм, эдийн засгийн сайн болон саар бүхий л асуудал түүнтэй шууд холбоотойг сануулав.
Гишүүний зүгээс шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орох эсэх, сайд нарыг сонгохдоо баримтлах гол шалгуур болон авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол хариуцлага хүлээх бэлэн байдлыг тодрууллаа. Мөн Улаанбаатар хотын төлөвлөлт, салбар хоорондын бодлогын уялдаа алдагдсан асуудлыг хэрхэн цэгцлэх, төрийн нэр хүндийг унагаж буй авлигын асуудалд ямар шийдэмгий алхам хийхийг асуусан юм.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал Засгийн газрын гишүүдэд ёс зүйтэй байх, цаг хугацаатай уралдаж хурдтай ажиллах, туршлагатай буюу улс төрийн капиталтай байх гэсэн гурван үндсэн шаардлага тавихаа мэдэгдэв. Тэрээр "Сайд хүн салбараа удирдахдаа сайн менежер байж, чаддаг хүнээр нь ажлыг нь хийлгэдэг, манлайлал үзүүлдэг байх ёстой" хэмээн онцоллоо.
Видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
Төрийн албаны шинэчлэлийн хүрээнд нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг "паблик сервис" болон "сиви сервис"-ийг тодорхой болгож, чиг үүргийн давхардлыг арилгахаа илэрхийлэв. Шаардлагагүй чиг үүргүүдийг хувийн хэвшилд аутсорсингоор шилжүүлэх замаар төрийн албаны цогц реформыг зоригтой хэрэгжүүлнэ гэдгээ тэмдэглэсэн юм.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлууд болон салбар хоорондын уялдааг сайжруулахын тулд "их өгөгдөл" (Big Data)-д суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Төрөөс олгодог зөвшөөрөл, лицензийг цахим системд бүрэн шилжүүлснээр хүний хүчин зүйлээс хамааралтай авлига, хүнд суртлыг арилгах боломжтой гэж үзэж байна.
Түүнчлэн нийслэл хотод үүсээд буй газар олголт, төсвийн сахилга батын асуудалд ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргахаа амлалаа. Төрийн өмчит компаниуд болон төсвийн орлого эдийн засгийн 61 хувийг эзэлж байгааг эргэж харах шаардлагатайг дурдаад, Засгийн газрын үйл ажиллагааг гүйцэтгэлийн үзүүлэлт буюу KPI-аар үнэлж, иргэдийн талд шийдвэр гаргана гэдгээ бататгав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.