🔴 О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө Засгийн газарт шаардлага тавих замаар хяналт тавьж ажиллана
УИХ-ын гишүүн О.Саранчулуун 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон шинээр томилогдсон сайд нарын анхаарах ёстой асуудлуудын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр ирэх дөрвөн жилд нийгмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд болон сургуулийн хүүхдүүдийн хоол, орчны асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдэв.
Гишүүний зүгээс Засгийн газрын үйл ажиллагаанд иргэдийн хамгийн их бухимдал төрүүлдэг зүйл бол мэдээллийн ил тод бус байдал гэдгийг онцлон санууллаа. Шийдвэр, тогтоол гарсан эсэх, зорилтот бүлэгт чиглэсэн үйлчилгээ хэзээ зарлагдах зэрэг мэдээлэл тодорхойгүй байгаа нь төрийн ажилд итгэх иргэдийн итгэлийг сулруулж байгааг тэрээр дурдсан юм. Тиймээс аливаа ажлын биелэлтийг шаардаж, хаана зогссоныг нь ил болгож, үргэлжлүүлэх нь шинэ Засгийн газрын гол анхаарах чиглэл байх ёстой гэж үзэж байна.
Тодорхой жишээ дурдахад, өнгөрсөн жилийн улсын төсөвт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бага насанд нь оношлох тоног төхөөрөмж авахад зориулж 1.8 тэрбум төгрөг тусгасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл уг төхөөрөмжийг авсан эсэх, хүүхдүүд оношлуулах боломж бүрдсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байгааг гишүүн шүүмжлэв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олон улсын жишгээр ангилж, давуу талыг нь үнэлэн ажлын байраар хангах ажил хүлээгдэж байгааг хэллээ.
УИХ-ын гишүүд зөвхөн хууль боловсруулаад зогсохгүй, олон нийтэд таниулах, соён гэгээрүүлэх үүрэгтэйг О.Саранчулуун гишүүн онцолсон юм. Энэ хүрээнд "Гэрээсээ гарцгаая" аян болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээгдэхүүнийг тусгай шошгоор баталгаажуулж, борлуулалтыг нь дэмжих зэрэг бодит ажлуудыг санаачлан ажиллаж байгаагаа дурдлаа.
Цаашид иргэдийн саналыг нэгтгэж, Засгийн газарт шаардлага тавих замаар хяналт тавьж ажиллахаа тэрээр илэрхийлэв. Төрийн шийдвэр бүр иргэдэд нээлттэй хүрч, эхлүүлсэн ажлууд эзэнтэй, үр дүнтэй байх ёстойг гишүүн О.Саранчулуун яриандаа тодотголоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.