🔴 Г.Лувсанжамц: Засгийн газарт ажиллах санал ирээгүй, ирсэн ч орж ажиллахгүй
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон цаашид хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр ирэх 2028 он хүртэл тогтвортой засаглаж, эхлүүлсэн ажлуудаа үр дүнд хүргэх чадамжтай, туршлагатай баг ажиллаасай гэдгийг онцолсон юм.
Гишүүн Г.Лувсанжамц эдийн засгийн эрх чөлөөг хангах чиглэлд Н.Учрал даргын санаачилсан зөвшөөрлийг цөөлөх, чөлөөлөх аяныг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрээр төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл олгодог тогтолцооноос татгалзаж, иргэд, аж ахуйн нэгжүүд зөвхөн мэдэгдсэний үндсэн дээр үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхэлдэг болох нь эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Засгийн газрын бүтцийн хувьд яамдын тоог цөөлж, илүү цомхон, оновчтой бүтэцтэй болох шаардлагатайг тэрээр дурдлаа. Тухайлбал, Эрчим хүч, Зам тээвэр, Барилга хот байгуулалт болон Харилцаа холбооны салбаруудыг нэгтгэж "Дэд бүтцийн хөгжлийн яам" болгох нь олон улсын жишигт нийцнэ гэв. Мөн Хөдөө аж ахуй, Уул уурхай, Байгаль орчны яамдыг нэгтгэж "Байгалийн нөөцийн яам" болгон зохион байгуулах саналтай байгаагаа хэллээ. Ингэснээр салбар хоорондын уялдаа холбоо сайжирч, олон өөр төлөвлөгөө, тайлангийн оронд нэгдсэн нэг бодлогоор (One Plan, One Policy) ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Түүнчлэн Цахим хөгжлийн бодлогыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт харьяалуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Орон нутгийн хөгжлийн бодлого ЗГХЭГ-т байдаг учраас "И-Монголиа" зэрэг цахим шилжилтийн ажлуудыг сум, дүүрэг, аймаг бүрт хөрсөн дээр нь буулгаж, илүү эрчимжүүлэхэд энэ бүтэц илүү оновчтой болохыг тэрээр тайлбарлалаа.
Шинэ Засгийн газарт орж ажиллах эсэх тухайд тэрээр "Одоогоор санал ирээгүй, орж ажиллах төлөвлөгөө байхгүй байна" гэсэн тодорхой хариултыг өглөө. Харин шинэ танхимд өмнө нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан, ажлаа шуурхай эхлүүлэх чадвартай, туршлагатай хүмүүс ажиллах нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.