🔴 Ө.Шижир: МАН-ын одоогийн нөхцөл "хагас хугас эвлэрэл" гэж харж байна
УИХ-ын гишүүн Ө.Шижир цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ эрх баригч намын дотоод хагарал болон шинээр байгуулагдаж буй Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар шүүмжлэлтэй хандлаа. Тэрээр МАН-ын доторх зөрчил ил болоогүй ч гүнзгий хэвээр байгааг онцлоод, есдүгээр сарын 1-нд улсын төсөв өргөн барьснаас хойш тус нам хоёр хуваагдсан гэдгийг тэмдэглэв. Одоогийн нөхцөл байдлыг "хагас хугас эвлэрэл" гэж харж байгаа ч энэ нь бат бөх биш гэдгийг тэрээр анхааруулсан юм.
Түүнчлэн Ардчилсан намын зүгээс УИХ-ын даргын албан тушаалтай холбоотой зарчмын шаардлага тавьж буйг Ө.Шижир гишүүн тодотголоо. Намын дарга хүн УИХ-ыг удирдах нь ёс зүйн хувьд зохимжгүй бөгөөд энэ нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг УИХ-ын дэргэдэх хараат бус байгууллагуудын томилгоонд намын нөлөө орох эрсдэлийг дагуулдаг байна. УИХ-ын дарга гэдэг институци нь намын даргын "утас" болж хувирах нь төрийн албаны мэргэжлийн томилгоонд сөргөөр нөлөөлнө гэж тэрээр үзэж байна.
Засгийн газрын бүтцийн тухайд Ерөнхий сайд "гомдогсдыг гомдоохгүй" гэсэн агуулгаар бүгдийг тэвэрч, 20 гаруй сайдтай нүсэр бүтэц оруулж ирсэн нь дэвшил биш, харин ухралт болсон гэж шүүмжлэв. Уг нь Засгийн газар цомхон бөгөөд чадварлаг байж гэмээнэ үр дүнд хүрэх ёстойг тэрээр санууллаа.
Н.Учрал сайдын тухайд өмнө нь цахим шинэчлэл болон цомхон бүтцийн талаар байнга ярьдаг байсныг нь дурдаад, хэлсэн ярьсандаа эзэн болж, зоригтой бөгөөд чадвартай, цомхон Засгийн газрыг байгуулахын төлөө ажиллахыг хүссэн юм
Төгсгөлд нь эдийн засгийн тулгамдсан асуудлууд, тэр дундаа шатахууны импортын үнэ болон хоёр улсын хоорондын яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг цаг алдалгүй хэлэлцэх ёстойг тэмдэглэв. Эдгээр асуудлуудтай холбоотой материалууд өмнө нь тараагдсан боловч одоог хүртэл шийдэл хүлээж байгааг тэрээр санууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.