🔴 Л.Гантөмөр: МАН-ынхан баахан амлалт өгч байгаад ялсан. Ялалтынхаа үр дүнд ээлжилж дарга хийгээд байна
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын өмнө цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр Ерөнхий сайдыг томилох асуудлыг яаралтай горимоор хэлэлцэж байгааг онцлоод, шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх байр сууриа илэрхийлэв.
Засгийн газар байгуулах асуудалд Ардчилсан нам хамтрахгүй гэдэг хатуу байр суурьтай байгааг Л.Гантөмөр гишүүн тодотголоо. Тэрбээр "Засгийн газрыг байгуулах бүрэн эрх нь Ерөнхий сайдад бий. 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд ямар бүтэцтэй байх зургаа Ерөнхий сайд өөрөө гаргаж, асуудлаа оруулж ирэх байх" гэлээ.
Мөн УИХ-ын даргыг сонгох асуудлын тухайд хуулийн дагуу МАН-ын бүлэг нэр дэвшигчээ тодруулах ёстойг санууллаа. Олон намын төлөөлөл бүхий парламент бүрдсэн ч эрх баригч нам хариуцлагаа ухамсарлаж, УИХ-ын даргыг томилох асуудлыг дотооддоо хэлэлцэн шийдвэрлэх хүлээлттэй байгааг тэрбээр дурдлаа.
Л.Гантөмөр гишүүн эрх баригчдад хандан 2024 оны сонгуулийн амлалтаа мартаж болохгүйг хатуу анхааруулав. Тэрбээр "МАН-ынхан баахан амлалт өгч байгаад ялсан. Одоо тэр ялалтынхаа үр дүнд ээлжилж дарга хийх нь гол биш, ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлэх нь чухал. Тэнгэрээс юм хайж, цаг үетэйгээ тааруулж шинэ дугуй зохиох гэж гүйх хэрэггүй. Ерөнхий сайдаас 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө санаж байгаа эсэхийг нь асууна" гэлээ.
Түүнчлэн ард түмнийг хуурч, залилан хийж болохгүйг сануулаад, хэрэв мөрийн хөтөлбөрөөсөө өөр зүйл хийх гэж байгаа бол дахин сонгууль явуулж ард түмнээс асуух ёстой гэдгийг онцлов. Ардчилсан парламентад шинээр гарч ирсэн дарга бүр "ухаантай царайлж" шинэ юм бодож олдоггүй, харин сонгогчдын дэмжсэн тэр л хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэйг тэрбээр нэмж хэлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.