🔴Ч.Ундрам: Дан шинэ сайд нараар багаа бүрдүүлэх нь эдийн засгийн хүнд нөхцөлд зохимжгүй
МАН-ын Бага хурал хуралдаж, хоёр үндсэн асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, хоёрдугаарт, УИХ дахь МАН-ын бүлэгт чиглэл өгөх тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон. Одоогоор эхний асуудал буюу Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх санал хураалт явагдаж дуусаад байна. Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудал нэг нэр дэвшигчтэйгээр явагдсан тул шийдвэр удахгүй албажиж гарна хэмээн ССАЖЗ-ын сайд, УИХ-ын гишүүн Ч.Ундрам хэлэв.
Хоёр дахь асуудлын тухайд, геополитикийн хүнд нөхцөл байдал болон дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралтай нүүр тулсан энэ үед УИХ дахь МАН-ын бүлэг эв нэгдэлтэй байж, нягт хамтран ажиллах чиглэлийг Бага хурлаас өгөх байх гэж харж байна. Хэдийгээр Бага хурлын зарим гишүүдийн зүгээс Ерөнхий нарийн бичгийн даргад хариуцлага тооцох санал гаргасан ч миний хувьд А.Содбаатар даргыг томилогдсоноосоо хойш намын эв нэгдлийг сахиулах тал дээр бүхий л боломжоороо ажиллаж байгаа гэж үзэж байна. Харин ч УИХ-ын гишүүд өөрсдөө хариуцлагаа илүүтэй ухамсарлах ёстой болов уу.
Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн орж ажиллах талаар одоогоор бидэнд ямар нэгэн мэдээлэл алга. Бид эхлээд Ерөнхий сайдаа албан ёсоор тодорхойлсны дараа дараагийн томилгооны асуудлууд яригдах байх. Мөн УИХ-ын даргыг Бага хурлаас нэр дэвшүүлэх санал гарсан ч миний байр суурь арай өөр байна. Улс төрийн нөхцөл байдал болон зарчмын хувьд дараагийн Спикерийг намын байрнаас бус, УИХ дахь олонхын бүлэг хуралдаж нэр дэвшүүлэх нь илүү зохистой юм.
Хамтарсан засгийн газар байгуулах эсэх нь шинээр томилогдох Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Өмнө нь ч бид бусад намуудтай хамтарч ажиллаж ирсэн туршлагатай тул энэ асуудал яригдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийн Бага хурлаар энэ асуудал эцэслэн шийдэгдэхгүй болов уу. Одоогоор миний хувьд Засгийн газарт ажиллах талаар бодсон зүйл алга, харин дараагийн УИХ-ын даргаар хэн ажиллавал зохистой вэ гэдэгт илүүтэй анхаарч байна.
Дараагийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд маш шуурхай ажиллах шаардлагатай. Өмнөх Ерөнхий сайдын хувьд эдийн засагт харьцангуй таатай нөхцөлийг бүрдүүлсэн тул төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах нь чухал. Тиймээс кабинетыг бүхэлд нь шинэ хүмүүсээр бүрдүүлж болохгүй. Туршлагатай сайд нар болон шинэ залуу боловсон хүчнийг тэнцвэртэйгээр хослуулан ажиллуулж байж, ажил цалгардахгүй, эдийн засгийн хямралыг сөрж чадна гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.