🔴Т.Даваадалай: Улс төрийн хагарал Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нөлөөлж байна
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай улс төрийн өнөөгийн нөхцөл байдал болон Туул голын асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын хөгжилд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал болохыг онцолж, дотоод зөрчил нь Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд сөргөөр нөлөөлж байгаад харамсаж буйгаа илэрхийлэв.
Т.Даваадалай хэлэхдээ, "Бид дотооддоо албан тушаалын төлөө өрсөлдөх бус, улс орныхоо бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хариуцлагатай цаг үед ирээд байна. Намын бодлогын хүрээнд шинэ Ерөнхий сайдыг дэмжиж, нэг баг болон ажиллахад ямар нэгэн асуудал байхгүй" хэмээн мэдэгдлээ.
Мөн тэрбээр Туул голыг хамгаалах нэрээр "жүжиглэж" буй этгээдүүдийг шүүмжилж, тэднийг бодит нөхцөл байдалтай танилцахыг уриалав. Туул голын хамгийн их асуудалтай, 40 жилийн турш шийдэгдээгүй байгаа цэг дээр өнөөдөр 12:00 цагт ирж, бодит байдлыг нүдээр үзэхийг "Туул голоо аваръя" хөдөлгөөнийхөнд хандан дуудсан байна.
Энэхүү урилгын талаарх мэдээллийг тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүргэсэн бөгөөд "Хэрэв та бүхэн үнэхээр Туул голоо аврахыг хүсэж байгаа бол хий хоосон жүжиглэх бус, мэргэжлийн судлаач, эрдэмтэдтэй хамт газар дээр нь очиж мэтгэлцье. НИТХ-аас хэрэгжүүлж буй ажлуудтай танилцаж, бодит шийдэл гаргахад дэмжиж ажиллахыг хүсэж байна" гэлээ. Тэрбээр асуудалд бодитой хандаж, газар дээр нь очиж танилцах нь хамгийн чухал болохыг онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.