🔴 Б.Оюунгэрэл: Солонгост байгаа залуучуудын асуудлыг шийдэхгүй хэрнээ ширээ сандал булаацалдах болохоороо МАН-ынхан олноороо цугладаг
Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нийгэмд үүсээд буй нөхцөл байдал болон улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлуудтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрээр нийгэмд шударга ёс тогтоож, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдүүдэд хариуцлага тооцох замаар иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх зайлшгүй шаардлагатай байгааг онцлов.
Б.Оюунгэрэл саяхан АНУ-д болсон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын хуралд оролцоод буцах замдаа БНСУ дахь салбар зөвлөлийн бүсгүйчүүд болон тэнд ажиллаж, амьдарч буй монголчуудтай уулзжээ. Энэ үеэр Солонгос улсыг зорих залуусын цуваа тасрахгүй байгаа ч тэнд байгаа иргэд хүн амины хэрэг, хүчин, залилан зэрэг хүнд гэмт хэрэгт холбогдох, визний асуудлаас болж замаа алдах тохиолдол их байгааг харамсан дурдлаа.
Тэрээр төр засгийн үйл ажиллагааг шүүмжлэхдээ, "Манай төр засаг ширээ сандал булаацалдаж, хэрүүл хийх болохоороо орой шөнөгүй хуралддаг атлаа бодит ажил хийх тал дээр хөрсөн дээрээ буухгүй байна. Нийгэмд үүсээд буй талцал, замбараагүй байдал иргэдийг туйлдуулж байна. МЭХ ямар ч төсөвгүйгээр сайн дураараа хөрөнгө босгож ажиллаж байхад, эрх мэдэлтэй дарга нар нь төсвийн мөнгө хулгайлаад сууж байгаа нь байж боломгүй асуудал" хэмээн хэлэв.
Мөн дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдал болон шатахууны үнийн өсөлт иргэдийн амьдралд хүндээр тусах гэж байгааг тэрээр санууллаа. Бусад улс орнууд дундаж давхаргаа хамгаалах арга хэмжээ авч байхад манай улс хаврын тариалалт, барилгын ажил эхлэх гэж буй энэ чухал үед бэлтгэл муу байгааг анхааруулсан юм.
МАН-ын Бага хурлаар хэлэлцэж буй шинэ Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд тэрээр хүлээлт өндөр байгаагаа илэрхийлэв. Шинэ Ерөнхий сайд томилогдвол эрч хүчтэй, эв нэгдэлтэй баг бүрдүүлж, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төлөвлөгөөгөө нэн яаралтай УИХ-аараа батлуулан, шаргуу ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ.
Одоогийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны тэн хагас нь өнгөрсөн ч мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт бодитой бус байгааг тэрээр дурдаад, эрх баригч нам дотооддоо эв нэгдлээ хангаж, улс орны хөгжлийн төлөө жинхэнэ утгаараа зүтгэх цаг болсныг сануулснаар яриагаа өндөрлөв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.