🔴 Ж.Энхбаяр: Намын дарга Ерөнхий сайд байх нь засаглалын тогтвортой байдлын үндэс юм
МАН-ын Бага хурлын III хуралдаан тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар МАН-ын дарга Н.Учралыг Засгийн газрын тэргүүнээр сонгох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Хурлын өмнө МАН-ын Бага хурлын гишүүдээс байр суурийг нь сонслоо.
Ж.Энхбаяр хэлэхдээ, өнгөрсөн хугацаанд эрх баригч намын дотоод үл ойлголцол, хагарлаас үүдэж Засгийн газар хоёр ч удаа огцорсон гашуун туршлага байгааг дурдаад, энэ удаагийн хурлаар намын эв нэгдлийг хангаж, зоримог шийдвэрүүд гаргах шаардлагатайг онцлов.
Тэрээр засаглалын тогтолцооны тухайд "Би өнгөрсөн 11 дүгээр сард болсон намын Их хурлаас хойш нэг л байр суурийг байнга илэрхийлж ирсэн. Сонгуульд ялж, засаг барьж байгаа намын дарга нь өөрөө Ерөнхий сайд байх ёстой. Энэ бол дэлхий нийтийн жишиг, зөв тогтолцоо юм. Дундаас нь өөр хүн томилж, эрх мэдлийн хуваарилалт тодорхойгүй болсноос үүдэж улс төрийн тогтворгүй байдал үүсдэг. Ийм нөхцөл байдал үүсэж байсанд иргэдээсээ хүлцэл өчье. Өнөөдрийн хурлаар намын дарга Засгийн газраа тэргүүлээд явах улс төрийн шийдвэрийг баталгаажуулна" хэмээн ярилаа.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц төн байр сууриа илэрхийлэв. Хоёрдугаар сарын 27-нд болсон Бага хурлын талаар тайлбар өгөхдөө, тухайн үед намын дэргэдэх 11 бодлогын хорооны хүрээнд салбар бүрийн зохицуулалт, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах мэргэжлийн шийдлүүдийг хэлэлцэхэд гол анхаарлаа хандуулсан гэдгийг тодотгов. Түүнчлэн намын 105 жилийн ойн хүрээнд бодлогын томоохон асуудлуудаа ярилцсан болохыг тэрээр санууллаа.
"УИХ-ын дарга гэдэг бол 'би мундаг' гээд зүтгэдэг албан тушаал биш. Ялангуяа 126 гишүүнтэй, олон намын системтэй парламент бүрдэж байгаа энэ үед хэн төвийг сахиж, хурлыг зөв зохион байгуулж, улс төрийн туршлага гаргаж чадах вэ гэдгийг намууд дотроо ярилцаж шийддэг. Энэ бол хамтын шийдвэр байх ёстой. АН-ын зүгээс УИХ-ын дарга нам бус байх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн нь арай туйлширсан хэрэг. Олонхын санал авсан намаас л энэ албан тушаалтан томилогдох нь тодорхой" гэсэн юм.
Цаашид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 мандаттай болсон нь нэг нам дангаараа үнэмлэхүй засаглах боломжийг хязгаарлаж, парламентад зөвшилцөл, олон намын тогтолцоог бэхжүүлж байгааг тэрээр онцоллоо. Иймд цаашид эвслийн Засгийн газар байгуулах асуудал байнгын сорилт болж, намууд мөрийн хөтөлбөрөө нэгтгэн хамтарч ажиллах соёлд суралцах шаардлагатайг дурдсан юм.
Эцэст нь тэрээр дэлхий дахинд үүсээд буй санхүү, эдийн засгийн хүндрэл Монголд нөлөөлөх нь зайлшгүй байгааг анхааруулаад, үүнийг даван туулах стратегийн төлөвлөгөө, хууль эрх зүйн орчныг ЗГ-аас боловсруулж дууссаныг мэдэгдэв. Дотоод улс төрийн асуудлаа цэгцэлж, парламентын үйл ажиллагаа жигдэрмэгц эдгээр асуудлыг яаралтай хэлэлцэж, хямралыг даван туулах үндэсний хэмжээний зөвшилцөлд хүрэх нь нэн тэргүүний зорилт болоод байгааг тэрээр тэмдэглэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.