🔴 Б.Цогтгэрэл: ХЗДХЯ-аас авсан найман тэрбум төгрөгийг хувааж авч байгаа хүмүүсийн бичлэгийг даваа гарагт дэлгэнэ
МАН-ын Бага хурлын III хуралдаан тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар МАН-ын дарга Н.Учралыг Засгийн газрын тэргүүнээр сонгох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Хурлын өмнө МАН-ын Бага хурлын гишүүдээс байр суурийг нь сонслоо.
МАН-ын бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл: Би яг жилийн өмнө Монгол Улс нийгэм, эдийн засаг, улс төрийн гүн ангал руу эргэлт буцалтгүй орж байгааг анхааруулж байсан. Өнөөдөр МАН-ын Тусгаар тогтнолын ордон авлига, албан тушаалын наймааны төв болж хувирчээ.
Өнөөдрийн бага хурал дээр би Хууль зүй, дотоод хэргийн яамтай холбоотой найман тэрбум орчим төгрөгийн авлига, албан тушаалын хэргийн талаар "шүгэл үлээх" гэж байгаагаа мэдэгдэж байна. Тодруулбал, таван тэрбум, 1.2 тэрбум болон 965 сая төгрөгийн дүнтэйгээр бусдад давуу байдал олгосон хэд хэдэн тохиолдол байгааг баримттайгаар дэлгэхэд бэлэн байна.
2024 оны дөрөвдүгээр сард Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрийн дөрвөн давхарт ХЗДХЯ-наас авсан мөнгийг нэр бүхий хүмүүс хувааж авч буй бичлэг байгаа юм байна. Энэхүү бичлэгийг ирэх даваа гарагийн 11:00 цагт Авлигатай тэмцэх газарт (АТГ) албан ёсоор хүлээлгэн өгнө. "Энэ бол кино биш, бодит үйл явдал. Ард түмнээс ирүүлсэн баримтууд надад хангалттай бий" гэлээ.
"Эм Жил Эл" корпорацын н.Нямжав гэх хүнийг дарамт шахалтад орсон хохирогч байж болзошгүй гэж үзэж байна. Төрийн сангийн гүйлгээ болон бусад нотлох баримтуудыг хууль хяналтын байгууллагад өгч, үнэн мөнийг тогтоолгоно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.