МАН-ын Бага хурлын III хуралдаан эхэллээ

МАН-ын Бага хурлын III хуралдаан эхэллээ

МАН-ын Бага хурлын III хуралдаан тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар МАН-ын дарга Н.Учралыг Засгийн газрын тэргүүнээр сонгох эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Хаврын чуулган эхэлснээс хойш улс төрийн гацаа үүсэж, парламент ажлаа хэвийн явуулж чадахгүйд хүрсэн. Өнгөн дээрээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг "Олон намын төлөөлөл бүхий парламентыг нэг намын дарга удирдах нь зохимжгүй тул МАН-ын дарга Н.Учралаар УИХ-ыг удирдуулахгүй. Ажлаа өгтөл нь чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй" хэмээсэн ч ачир дээрээ МАН-ын дотоод хагаралаас үүдэн парламентын ажил зогсонги байдалд орсон билээ.

Пүрэв гарагт УИХ-ын дарга Н.Учрал чуулганы индэр дээрээс "УИХ дахь МАН-ын бүлэг хурлаа хийж улс төрийн шийдвэр гарга" хэмээн үүрэгдсэний дагуу тухайн өдөртөө бүлэг хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулан яах эсэхээ шийдэхээр тогтсон.

Үүний дараа буюу баасан гаригт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Уг асуудлыг намын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэн дэмжсэнээр түүнийг Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлсөн юм.

Харин өнөөдөр МАН-ын Бага хурлын III хуралдааныг зохион байгуулж, дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болоод байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.