ӨДӨР ТУТМЫН СОНИНГҮЙ БОЛ ӨӨДЛӨХ ЗАМ МААНЬ ӨРГӨСӨӨР ДҮҮРНЭ
-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд сонордуулах нийтлэл-
НИЙТЛЭЛЧ Г.ЦОЛМОН
Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж, хөгжсөний 113 жилийн ой энэ өдөр тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” нэртэй Монголын үндэсний анхны сонин хэвлэгдсэн өдрийг Үндэсний сэтгүүл зүйн өдөр хэмээн тэмдэглэдэг болсон билээ.
Баяр яах вэ ээ, тэмдэглээд л өнгөрнө. Харин энэ өдрийн агуулга, ач холбогдлыг монголчууд, сэтгүүл зүйнхэн, төр, засаг хэр үнэлж байгаа вэ. Монголын төдийгүй дэлхийн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн түүх сониноос эхэлсэн. Гэтэл сонины нэн шинэ цагийн түүх хаашаа зүглэж байгааг анзаардаг уу гэх мэт сониноо тойрсон олон асуулт сонины сэтгүүлч бидний тархи толгойд баярын энэ өдөр ёс юм шиг эргэлддэг болоод удлаа. Тиймийн учир энэхүү нийтлэлийг зориуд энэ өдрийг ташрамдуулан бичиж, толилуулж байна.
Эх орныхоо болон дэлхий дахины түүхийг бичиж, баринтаглан үлдээдэг өдөр тутмын сонингүй улс энэхэн цэнхэр гарагт үгүй. Монгол ч энэ жишгээр явсан, явсаар байгаа. Монгол Улс ардчилсан засаглал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжиж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа үндэсний өдөр тутмын сонинууд ч чөлөөт сэтгүүл зүйн замаар замнасан.
Гэхдээ чөлөөт сэтгүүл зүйг Монголдоо нутагшуулж, торниулах, төр, засгаас хараат бусаар, бие даасан үйл ажиллагаа явуулах үйл хэргийг чухамдаа өдөр тутмын сонинууд, шулуухан хэлбэл Цэрэндоржийн Балдорж эрхлэгчтэй “Ардын эрх”, “Өнөөдөр” сонин манлайлсан гэдгийг үгүйсгэх хүн үгүй биз ээ
Монголын чөлөөт сэтгүүл зүйн түүх гурван арваныг туулаад байна. Энэ он жилүүдэд хуучин нь ул болж, шинэ нь зул болсон олон шинэ түүх бүтээгдсэн. Үүгээрээ сэтгүүлч бид бахархдаг. “Шар” сонины үер болж, хүссэн бүхэн шинэ сонин бүртгүүлж, сонингүй бол амьдрал утгагүй мэт болох хүртэл хөөсөрч явсан цаг бий. Түүний зэрэгцээ мэргэжлийн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүй, бодит, хариуцлагатай мэдээлэлд тулгуурласан дэлхийн жишгийн сониныг төлөвшүүлэх чин эрмэлзлийг цөөн зарим нь тууштай баримталсаар өнөөг хүргэсэн. Тэдний нэг нь үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин билээ. Өдөр тутмын сонин хувийн буюу чөлөөт хэвлэлийн зарчмаар ажиллаж болно гэдгийг 1996 онд Монголд анх зарлаж, анхны дугаараа өргөн барьснаас хойш үзэл баримтлалдаа тууштай үнэнч байж, чөлөөт хэвлэлийн шинэ жишиг тогтоосон олон чухал үйл явдлын анхдагч болсон сониноороо бид, сониноор минь монголчууд бахархдаг.
Энэ бүхнийг үл өгүүлэн өдөр тутмын сонинуудын өнөө хийгээд ирээдүйтэй холбоотой зарим асуудлыг хөндье.
Сүүлийн нэгэн арваныг тодорхойлж буй мэдээллийн технологийн хурдацтай хөгжлөөс шалтгаалан дэлхий нийтэд цаасан хэвлэлийн захиалга, борлуулалт хумигдсан. Энэ бол хүн төрөлхтөн, чөлөөт хэвлэл, сониныхны өмнө тулгарсан, туулах ёстой бартаат замын нэг буй за. Хэвлэлийн түүх олон олон сорилт бэрхшээлийг туулсан, давсан. Энэ хэцүү, хатуу үеийг ч нэр төртэй даван гарч чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гэхдээ “чиний зовлон бол миний зовлон биш” гээд орхиж боломгүй. Учир нь чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг гэж хэлж болох сонины зовлонг үл тоомсорлон өнгөрвөөс чөлөөт хэвлэлийн маргаашийн зам өргөстэй байгаад зогсохгүй, нэвтрэх аргагүй намагт ширэнгэ болж мэдэх дүр зураг тодорч буйг судлаачид сануулсаар байна.
Нийгмийн сүлжээ, сошиал суваг бол шинэ зүйл мөн. Гэхдээ хэн бүхэн юу дуртайгаа илэрхийлж болох энэ талбар бол мэдээллийн эрх чөлөөний сүүдэр ч бас мөн. Аливаа асуудлыг нийт нийгмийн анхааралд аваачиж, олноороо шүүн хэлэлцэх, тэр ч бүү хэл төр, засгийн бодлогод нөлөөлөх хүртэл боломжийг үүсгэж байгаа нь сайн хэрэг. Гэсэн ч “Аливаа шийдвэрийг нэг хүн гаргаж байгаа бол алдах магадлал өндөр. Мянган хүний ямар ч шүүлтүүргүй хашгираан бол зүгээр л эмх замбараагүй байдал, алдаатай шийдвэр гаргах 90 хувийн магадлал. Харин сайн мэдээлэл бүхий 10 хүний санал бодол үнэнд дор хаяж 80 хувь дөхөж очно” гэж энэ зууны суут сэтгэгчдийн нэг Фрэнсис Фукуяма хэлжээ.
Өдөр тутмын сонин, мэргэжлийн редакцын үйл ажиллагаа тэрхүү 10 хүн, 80 хувьд багцлагддаг юм. “Дүрэмгүй зодоон” буюу манай өнөөгийн ихэнх сэтгүүлчийн дуртайяа замнаж буй “Дүрэмгүй хашгираан”-ы арга барил бол чөлөөт сэтгүүл зүй биш, сэтгүүлчийн мөн чанар бүр ч биш

Дүрмийг баримтлах, үнэнийг хайх, аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах, өрөөсгөл мэдээллээс зайлсхийж, гагцхүү бодит байдалд тулгуурлах нь мэргэжлийн редакцын үндсэн зарчим байдаг юм. Энд л мэргэжлийн хийгээд сэтгүүлчийн ёс зүйн асуудал бодит хэмжүүртэй байдаг. Тийм мэргэжлийн редакцын цөм өдөр тутмын сонин, телевизэд илүү сайн төлөвшдөгийг судлаачид тэмдэглэсээр ирж.
Энэ үнэнийг эш болгох аваас төр засаг, нам, олон нийт маань хэн хамгийн чангаар, бүхнийг гайхаж цочирдуулан муухайгаар хашгирагчдыг биш, мэргэжлийн редакцуудаа, түүний дотор өдөр тутмын сонинуудаа дэмжмээр байгаа юм. Яагаад чухам өдөр тутмын сонин хэмээн онцлоод байна вэ гэвэл юуны өмнө дээр өгүүлсэн мэргэжлийн хандлага, хоёрдугаарт, сонин бол түүхийг баринтлагч, бичгийн эх сурвалж, гуравдугаарт, уншигчдын тархи оюуныг тэжээгч билээ.
Саяхан нийтлэлч Б.Болор-Эрдэнэ (Болушка) “Хүний тархинд уншлага гэдэг юмыг видео орлодоггүй юм аа” гэж бичсэн харагдсан. Зуун хувь санал нэг байна. Нийтийн буюу нийгмийн боловсролд үзээжийн хагас галзуу лайвууд, өөртөө дурласан пооз, постууд, бусдыг дайран доромжилсон, шороор өлгөж, шонд хатаасан үзэн ядалтууд хамгийн их гай чирнэ гэдгийг хэн ч анзаарахтайгаа. Чирсээр ч ирлээ. Уншлага бол мэдлэг. Уншлага бол эгээрэл, сэхээрэл басхүү гэгээрэл буюу. Чухам иймийн учир сониноо өмгөөлөх эрхээ эдэлж буй нь энэ буюу.
“Өнөөдөр” сонин “Хэн сэтгэж байна түүнд зориулав” уриатай. Сэтгэдэг тархи оюун уншдаг хүнд л бий.
Харамсалтай нь манай улсын төр, засгаас өдөр тутмын сонинуудыг сүүлийн хэдэн жил хавчих бодлого баримталж ирсэн гэхэд хилсдэхгүй. Өргөн нэвтрүүлгийн тухай хэмээх хууль баталж, өеөдөх шахаад байсан телевизүүдийг санхүүгээр дэмжсэн. Өдгөө хуулийн дагуу жагсаалтад багтсан телевизүүд сард хамгийн багадаа 100 сая төгрөг авч буй. Тэдэнд атаархсангүй ээ. Мэргэжил нэгтнүүдийн маань нэг хэсэг нь ч гэсэн санхүүгийн гачаал, зовлонгоос ангижирч буй нь сайн хэрэг. Харин яагаад сонинг шоовдорлоод орхичихов оо, телевиз өмнөөс нь төрж, сонин араас нь гарсан юм уу гэсэн зүй ёсны гомдол төрөөд болдоггүй ээ.
Түүгээр ч зогсохгүй, үндэсний өдөр тутмын сонинуудыг хяхаж, хавчсан хууль удаа дараа баталсан нь харамсалтай. Төрийн айлчлалд сүүлийн жилүүдэд сонины сэтгүүлч, сурвалжлагчдыг алдаг, оног авч явдаг болсон. Цахим мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн мэдээлэл магадгүй хакерын халдлагад өртөх ч юм уу, эсвэл хэн нэгэн төлбөр төлөөд устгуулж болдог жишиг манайд бий. Тэгвэл сонинд бичсэн нийтлэл, сурвалжилга, ярилцлага мэдээ түүхэн архив болж үлддэгийг мэдэх үү.
Яг үнэндээ төр, засгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг хамгийн бодитой, хамгийн үнэнчээр, хамгийн тууштай түгээж сурталчилдаг нь сонинууд юм шүү дээ. Телевиз үйл явдлын мэдээгээ голлоно. Ордноор гүйдэлтэй сэтгүүлчид, лайвчдад ямар ач холбогдолтой чухал шийдвэр гарав гэхээс илүү ямар гишүүн, сайд ямархуу гутал хувцас өмсөж, юу ярив, хэнтэй уулзав, хаана зоог барив гэдэг нь илүү сонирхолтой.
Уг нь УИХ-ын 2010 оны долоодугаар сарын 15-ны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж, улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Тодруулбал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3 дахь хэсгийн “Дотоод аюулгүй байдал” гэсэн заалтын хамгийн эхэнд “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэжээ.
Мөн 3.3.3.2-т “Эх орон, үндэс угсаа, ололт дэвшлээрээ бахархах, үндэсний ашиг сонирхол, ёс зүй, хууль, төрт ёсны үзлийг дээдлэх үнэт зүйл бүхий нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх бодлогыг төр, иргэн, хэвлэл мэдээллийн салбар хамтран хэрэгжүүлнэ”, 3.3.4.3-т “хэвлэл мэдээллийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлж, хариуцлагатай, мэргэшсэн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлж, нийгмийн тогтвортой байдлыг хангана” гэсэн байдаг. Энэ мэт олон заалт тэнд бий.
Харамсалтай нь өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа тусгаж, дэмжих, ашиглах гээд байгаа хэвлэл мэдээллийн байгууллага, тэр дундаа өдөр тутмын сонины тоо жил тутам цөөрсөөр, 100 жилийн түүхтэй, эрх баригч МАН-ын “Монголын үнэн” сонин л гэхэд өдөр тутам гарахаа больсон.
“Монголын мэдээ” сонин долоо хоногт гурван л удаа уншигчдадаа арайхийн хүрч, “Өглөөний сонин”, “Өдрийн шуудан”, “Засгийн газрын мэдээ”, “Үндэсний шуудан”, “Өнөөдрийн Монгол”, “Улаанбаатар таймс”, “Ардчилал” зэрэг сонин хаалгаа барив
Энэ байдалд УИХ-аас баталсан хэд хэдэн хууль шууд болон шууд бусаар нөлөөлсөн. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 12.1-3-т хэвлэл захиалгын төлбөрийг санхүүжүүлэхийг хориглох заалт оруулсан. Төр хэмнэж болно оо. Төрийн мөнгийг хэмнэх ч учиртай. Гэхдээ сонин унших мөнгөө хэмнэх нь хэмнэлт үү, хохирол уу гэдгийг бодох учиртай. Өдгөө төрийн бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтнууд, түүний дотор төр, засгийн тэргүүн нар, УИХ-ын гишүүд, сайд нар ч сонин захиалж, уншихаа больсон. Тэд уншдаггүй. Лайв, сошиал мэдээгээр мэдээллийн хэрэгцээгээ хангадаг. Товчоор бол бодит, үнэн мэдээллээс ямагт хоцордог.
2024 оны арванхоёрдугаар сарын 27-нд “Долоон тэрбумын” гэх С.Батдөл Төр хурахын аман дахь амралтад ялаа эдэлж байна” гэсэн мэдээ манай сонинд гарсан юм. Уг мэдээлэл хэвлэлд гарсан даруйд ШШГЕГ-ын удирдлага, хорих 421 дүгээр ангийнхан Төр хурахын амралтын газарт тогооч, галчаар ажиллаж байсан С.Батдөлийг буцаан татсан. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэзээ хойно буюу 2025 оны дөрөвдүгээр сард мэдсэнээ чуулган, байнгын хорооныхоо танхимд зарлаж, улс төрийн зорилготой мэдээлэл болгон түгээж байв. Уншдаггүйн, бодит мэдээллээс хол зайтай явдгийн нэг жишээ энэ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг УИХ 2005 онд баталж, 2006 оны хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Эл хуулийн 21.1 дүгээр зүйлд “Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэсэн заалт байсан юм. Гэтэл 2023 онд уг хуулийг шинэчлэн найруулахдаа 18.1-д “тендер шалгаруулалтын зарлалыг тендер шалгаруулалтын баримт бичгийн хамт цахим системд нийтэлж, аж ахуй эрхлэгчийг танилцах боломжоор хангана” гэж өөрчилжээ. Хуулийн 18.2-т зарлалыг цахим системээс гадна гадаад улсын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудаст нийтэлж болохоор заасан. Үүнийг ялгаварлан гадуурхалт гэх үү, хясан боогдуулалт гэх үү? Өнөө “Эх оронч худалдан авалт” хэмээх уриа лоозон яасан бэ?
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачлан боловсруулж буй Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд 2023 оны хуулийн дээрх заалтыг яг хэвээр нь үлдээсэн харагдсан. Түүнийг хууль тогтоогчид маань өөрчилж, тендер шалгаруулалтын зарлалыг цахим систем, үндэсний өдөр тутмын сонинд нийтлэхээр найруулбал өдгөө гарч буй өдөр тутмын гуравхан сонинд багахан ч гэсэн дэмжлэг болохсон. Сонинууд цаг үеэ дагаад цахим хэлбэрт шилжиж буй. Гэхдээ цаасан сонин гараараа барьж, нүдээрээ таашаан уншдаг хүн олон. Энэ бол том соёл юм.
Дэлхийн цөөнгүй улс оронд метро, дэлгүүр, нисэх буудал, кофе шоп зэрэг газарт сониноо борлуулж, иргэд нь ч авч уншсаар байна. Гэтэл манай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилсан “ТҮЦ нүүлгэх” хөтөлбөрийн хоморгонд сонин борлуулах цэгүүд өртөж, үгүй болов.
Төрийн өмчит “Монгол шуудан” ХК нь тогтмол хэвлэл буюу иргэдийн захиалсан сониныг түгээх үнээ нэмснээс үүдэлтэйгээр уншигчдад хүргэх боломж эрс хумигдав.
Энэ мэт үндэсний хэмжээний тогтмол хэвлэл буюу өдөр тутмын сонинуудыг боомилсон хууль, тогтоомж, шийдвэрээ эргэн харж, хуулийн дагуу дэмжих бодлого хэрэгжүүлбэл Монголын ирээдүйд нэн тустай билээ. Сонин бол түүх, соёл, хэлний төдийгүй улс төр, нийгэм, эдийн засгийн асар чухал ач холбогдолтой хэрэгсэл гэдгийг дахин давтан нуршихыг азная.
Сонин бол үнэ цэн. Эрүүл бус нийгмийг илааршуулах ерөндөг билээ. Өдөр тутмын сонингүй бол өмнөх зам маань өргөсөөр дүүрэх магадлал их байгааг эрхбиш тунгаан толилох буй за.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.