БОУАӨЯ: Гадаад томилолтын зардалтай холбоотой мэдээлэл нь үндэслэлгүй гүтгэлэг болохыг мэдэгдэв

БОУАӨЯ: Гадаад томилолтын зардалтай холбоотой мэдээлэл нь үндэслэлгүй гүтгэлэг болохыг мэдэгдэв

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас (БОУАӨЯ) Сайд Б.Батбаатар болон холбогдох албан тушаалтнуудын гадаад томилолттой холбоотойгоор гарсан мэдээлэлд албан ёсны тайлбар өглөө. 2026 оны гуравдугаар сарын 5-ны өдөр нэр бүхий иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Гадаад томилолтод хоёр тэрбум төгрөгийн зардал гаргасан" хэмээн мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй гүтгэлэг болохыг тус яамнаас хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Томилолтын зорилго ба COP17 бэлтгэл ажил:

Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж буй. Энэхүү ажлын хүрээнд Талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга бөгөөд БОУАӨ-ийн Сайд Б.Батбаатар тэргүүтэй албаны хүмүүс НҮБ болон холбогдох олон улсын байгууллагуудтай ажлын уулзалт, хэлэлцээ хийх зорилгоор албан томилолтоор ажилласан байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь төрийн захиргааны төв байгууллагын хувьд олон улсын хэмжээний уулзалт, гэрээ хэлэлцээрийг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд үүнтэй холбоотой аливаа мэдээлэл нь бодит баримтад үндэслэх ёстойг онцлон тэмдэглэв.

Улс орны нэр хүндэд нөлөөлөх эрсдэл:

Дэлхийн хэмжээний томоохон хурлын бэлтгэл ажил идэвхтэй өрнөж, хурал зохион байгуулагдахад 163 хоног үлдээд байгаа энэ үед бодит үнэнд нийцэхгүй мэдээлэл тараах нь бэлтгэл ажилд саад учруулж, Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаад харамсаж буйгаа илэрхийллээ.

Мэдэгдлийн гол агуулга:

  • Гадаад томилолтын зардал хоёр тэрбум төгрөг хүрсэн гэдэг нь үндэслэлгүй худал мэдээлэл.
  • Томилолтууд нь COP17 олон улсын хурлын бэлтгэл ажлыг хангах зорилготой байсан.
  • Олон нийтийг төөрөгдүүлж, байгууллагын нэр хүндэд халдсан гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараахгүй байхыг анхааруулав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.