“Ургац хүдэр”-ийн Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун нар морфин худалдаж авч хэрэглэж байгаад шийтгүүлэв
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр орон нутгаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй эм, бэлдмэл худалдан авч Улаанбаатарт борлуулж байсан бүлэглэлийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
А.Уранцэцэг, Б.Болоргэрэл, Б.Бадамсэд, Д.Тэсмэнд, С.Бэгзжав, С.Болд, Ж.Хангал, Ц.Тогтуун, Ж.Бат-Эрдэнэ нарын найман хүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7-2, 20.7-3.1 дэх хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан хэргийг байнга тогтвортой”, 20.7-1-ийн борлуулах зорилгогүйгээр олж авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч С.Бэгзжав хүнд өвчтэй нэрийн дор хүмүүст морфин бичиж өгдөг бөгөөд түүнийг нь авч хэрэглэдэг өвчтөнүүд болох А.Уранцэцэг, Б.Болоргэрэл нар мансууруулах, сэтгэцэд нөлөөт тариагаа худалддаг байж. Б.Тэсмэнд уг эм, бэлдмэлийг нийслэл рүү тээвэрлэн борлуулсан хэрэгт холбогдсон. Харин тэднээс “Ургац хүдэр”-ийн Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун болон Т.Бат-Эрдэнэ тэргүүтэй залуус худалдан авч хэрэглэж байгаад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны ажилтнуудад баригдсан юм.
Уг хэргийг шүүх хэлэлцээд Б.Бадамсэдэд холбогдох үйлдлийг нь тусгаарласан байна. Улмаар Д.Тэсмэндэд таван жил гурван сар, С.Бэгзжавт таван жил хоёр сар, С.Болд, А.Уранцэцэг нарт хоёр жил зургаан сар, Б.Болоргэрэлд гурван жил хоёр сар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй эм бэлдмэл борлуулж олсон хууль бус орлого болох 130 сая төгрөгийг А.Уранцэцэг, Б.Болоргэрэл, Д.Тэсмэнд нараас гаргуулж улсад тушаалгахаар болсон байна. Харин Ц.Тогтуун, Т.Бат-Эрдэнэ нарт хоёр, Ж.Хангалд нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.