Баян-Уул сумын иргэн Г-г ОХУ-д тагнуулын хэргээр баривчилж, Чита хотын хорих ангид саатуулжээ

Баян-Уул сумын иргэн Г-г ОХУ-д тагнуулын хэргээр баривчилж, Чита хотын хорих ангид саатуулжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, 50 гаруй настай иргэн Г нь Сар шинийн баярын өмнөхөн Ульхан хилийн боомтоор ОХУ-ын хил давсан боловч Оросын хууль хяналтын байгууллагад саатуулагджээ. Бид уг асуудлаар Баян-Уул сумын Засаг дарга М.Баттулгатай холбогдож дараах мэдээллийг авлаа. 

Тодруулбал, ОХУ-ын тал түүнийг тагнуул хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилж, Чита хотын хорих ангид саатуулсан гэх мэдээллийг ах, дүү нарт нь өгсөн байна. Улмаар нэг сарын хугацаагаар цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан гэх боловч яг ямар үйлдэл, ямар баримтад тулгуурлан тагнуулын хэрэгт холбогдуулсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Ар гэрийнхэн нь иргэн Г-г сураггүй алга болсон гэж үзэн хил давж сураглахад дээрх мэдээллийг сонссон бөгөөд албан ёсны дэлгэрэнгүй тайлбар одоогоор аваагүй байгаа гэлээ. Тэд энэ асуудлаар Гадаад харилцааны яаманд хандсан ч одоогоор тодорхой хариу ирээгүй байна. 

Баян-Уул сумын иргэдийн хувьд Ульхан хилийн боомтоор ОХУ руу нэвтэрч, өргөн хэрэглээний бараа, хүнс цуглуулах нь түгээмэл үзэгдэл гэдгийг нутгийнхан, аймаг, сумын удирдлага хэлж байна.

Иргэн Г нь сумандаа олон жил мал малласан, сүүлийн жилүүдэд боомтын орчимд цахилгааны монтёроор ажиллаж байсан энгийн иргэн аж. Бид уг асуудлаар ГХЯ-ны эх сурвалжаас тодруулж, нэмэлт мэдээллийг эргэн хүргэх болно. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сүх 35 минут
Манай Гадаад Хэргийн Яам өөрийн улсын иргэний хойноос явахгүй тоохгүй шдээ