Хохирогчийн аав Л.Сүмбанд: Б.Амарсайхан нь өөрөө харж зогсоод, хамт явж байсан 3-4 залууг өдөөн турхирч явуулаад миний хүүг зодуулсан
Сүхбаатар дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Канте” бааранд энэ сарын 14-нд залуус зодолдож, нэгэндээ гэмтэл учруулсан талаар мэдээлсэн билээ. Тус бааранд үйлчлүүлж байсан рэппэр С.Буман гэх залуугийн биед 3-4 залуус нийлж халдсан байна.
Тэдний дунд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр найман сарын хугацаагаар зорчих эрх хасах ял шийтгүүлсэн, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан байсан аж.
Эд мөрийн баримтаар авагдаад буй хяналтын камерын бичлэгт Б.Амарсайхан нь бусдад халдсан гэх баримт байхгүй хэмээн түүний өмгөөлөгчийн зүгээс байр сууриа илэрхийлж байгаа аж. Үүнд эгдүүцээд буй хохирогч С.Бумангийн аав Л.Сүмбанд бидэнд дараах мэдээллийг өглөө.
Хохирогчийн аав Л.Сүмбанд:
-Хэргийн явцыг хүлээцтэй хараад байтал сүүлийн үед “Говь”-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайханы өмгөөлөгч энэ хэрэгт манай үйлчлүүлэгч ямар ч холбогдолгүй гэх байр суурийг илэрхийлж эхэлсэн. Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт өмнө нь зодуулсан хохирогч Д.Саяннямбуу манай хүүгийн сайн найз.
Хэрэг гардаг хоёрдугаар сарын 14-ний өдөр миний хүү найз охинтойгоо валентины баяр тэмдэглэж яваад “Канте” бааранд Б.Амарсайхантай таарсан юм байна лээ. Манай хүү Б.Амарсайхантай найзынхаа асуудлаас болж маргалдсан гэнэ. Ингээд л Б.Амарсайхан өөрөө харж зогсож байгаад, хамт явж байсан 3-4 залууг явуулаад миний хүүг зодуулсан. Ял шийтгэлтэй байгаа учир өөрөө зодоонд оролцоогүй, өдөөн турхирч хүмүүс явуулдаг болсон байна шүү дээ. Харилцан зодоон бол болоогүй. Нэг хүнийг 3-4 хүн нийлж зодсон асуудал.
Би хэргийн материал, камерын бичлэгтэй танилцаагүй. Харин хүүтэйгээ уулзаж хэрэг явдлын талаар ярилцсан. Хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Хамгийн гол нь Б.Амарсайханы өмгөөлөгч "зодооны хэрэгт миний үйлчлүүлэгч холбогдолгүй гэдэг нь тогтоогдсон" хэмээн мэдээлэл хийгээд байгаад дургүйцэж байна. Шүүх шинжилгээний дүгнэлт одоо хүртэл гараагүй байгаа шүү дээ. Хүү минь тархиндаа гэмтэл авч хэвтрийн байдалтай байгаа. Зорчих эрх хасах ял шийтгүүлсэн хүн өөр дүүрэгт бааранд өдөөн турхирч хүнээр хүн зодуулаад явж байна шүү дээ. Хүмүүс юу болсон талаар ойлголт аваасай. Хүүхдээ хамгаалаарай гэсэн дээ цахимд пост хийсэн гэлээ.
Сэтгэгдэл (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.