Улсын хил зөрчсөн хятад эрд ял оноож, вьетнам иргэнийг шүүхэд шилжүүллээ
Монгол Улсын хилийг явганаар зoрчин, орж, гарахыг завдсан гадаадын нэг бус иргэнийг хилчид саатуулсан. Тэднийг тагнуулын байгууллага шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.
Тухайлбал, Вьетнамын иргэн Д.Т Замын-Үүдийн хилийг явганаар зөрчин гарах гэж байсныг хилчид саатуулсан аж. Түүнийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах албанд шалгаж, Эрүүгийн хуулийн 19.14-1 дэх хэсгийн “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр хил нэвтэрсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Мөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын иргэн Ван Лайд холбогдох хэргийг хэлэлцлээ. Тэрбээр өнгөрсөн зун ОХУ-ын талаас хил зөрчин орж ирснийг тус аймаг дахь хилийн цэргийн ангийн алба хаагчид саатуулсан аж. Түүнд дээрх зүйл заалтын дагуу прокурор яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, долоон сарын хугацаагаар хорих ял шийтгэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.