Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ял шийтгүүлсэн О.Бямбажавыг ШШГЕГ-ын дэд даргаар томилжээ

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ял шийтгүүлсэн О.Бямбажавыг ШШГЕГ-ын дэд даргаар томилжээ

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяр хууль зөрчсөн тушаал гаргаж, ял шийтгүүлсэн хүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-т удирдах албан тушаалд томилжээ. Тодруулбал, ШШГЕГ-ын дэд бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээр О.Бямбажавыг томилж, дэд хурандаа цол олгуулжээ.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 270.3-т "Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын алба хаагчаар Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан шаардлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон журам, эрүүл мэнд, бие бялдар, боловсрол, мэргэжил, мэргэшил, ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, арван найман насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэнийг авч ажиллуулна" гэж заасан байдаг. Эл заалтыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр зөрччихөөд байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар та мэдээгүй гэж үү.

c2a907eb41ba4979a2087f6a76b32886

О.Бямбажавын хувьд УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдон шалгуулж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ял шийтгүүлсэн юм. ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүснийг шүүх тогтоож, Улсын дээд шүүх 2021 оны гуравдугаар сард эцэслэн шийдвэрлэж байв. Энэ шийтгэх тогтоолоор О.Бямбажавт 6000000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял оноосон байдаг. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны долоодугаар сарын 22-нд Б.Хурц тэргүүтэй хууль сахиулагчдад холбогдох хэргийг хэлэлцээд О.Бямбажавыг эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 251.1 дэх хэсэгт зааснаар хоёр жил хорих ял оноосон юм. Өмнө нь ШШГЕГ-т ажиллаж байгаад ял шийтгүүлж, цолоо хураалган, ажлаасаа чөлөөлөгдсөн О.Бямбажавыг хошууч генерал Б.Хурцтай садан төрлийн холбоотой гэсэн яриа ч байдаг.

Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр УИХ-аас 2017 оны зургаадугаар сард баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн цагаан дээр хараар бичсэн хуулийн заалтыг зөрччихсөн нь тодорхой байна. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод Монгол Улс нэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан, цагдаагийнхныг ийм байдлаар хэргийн холбогдогчдод халдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар байнга сурталддаг. Гэтэл ШШГЕГ-ын дэд даргаар энэ төрлийн хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг томилж байгаа нь зүйд нийцнэ гэж үү.

Тэрбээр "Би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоноос хойш хоёр чиглэлийн ажиллагаа дотроо хийж байгаа. Нэгдүгээрт "Бохирдсон" хуулийнхнаасаа салах бодлогыг тууштай хийж байгаа. Томилогдсоноосоо хойш би 30 хоногийн дотор 30 орчим салбартаа ажиллаж байгаа хүмүүсийн толгойг өөрчилсөн" хэмээсэн "Бохирдсон" хүмүүсээсээ салж байгаа гээд ял шийтгүүлсэн хүнийг ШШГЕГ-т дэд даргаар томилж болохгүй л баймаар юм.

Зургийн тайлбар: Урд эгнээнд зүүн гар талаас: ШШГЕГ-ын дэд бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч О.Бямбажав, ШШГЕГ-ын дэд бөгөөд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Г.Цэргийнхүү, ШШГЕГ-ын дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа С.Лхагвасүрэн нар 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ганбаа 1 цаг, 23 минут
Монголд энэ ажлыг хийчих өөр хүн байдаггүй юм уу Ер нь дарга ч бай сайд ч бай 100-120 хүнийг л эргүүлж тойруулаад эрхлүүлээд байх юмаа хэлэх муу үг ч олдохгүй байна
Аааааааа 44 минут
ШШГЕГ тийм боловсон хүчний дутагдалтай газар юмуу. Гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан албан хаагчаа дарга болгох хэмжээнд очтолоо боловсон хүчний ядууралд орсон гэжүү.