УИХ-ын гишүүн П.Сайнзориг бусдад халдсан гэх хэрэгт шинжээч дүгнэлтээ гаргахыг хүлээж байна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг бусдад халдсан гэх хэрэгт шинжээч дүгнэлтээ гаргахыг хүлээж байна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг бусдыг зодсон гэх, харин өөрийнх нь яриагаар бусдад зодуулсан гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, “Шангрила” зочид буудлын B1 давхарт байрлах цэнгээний газарт болжээ. Эх сурвалжийн мэдээллээр тэрээр согтуудаа бусдад халдсан гэх агаад хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр П.Сайнзориг нь “Херо энтертайнмент”-ийн хэсэг хүнтэй хамт явж байгаад ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван зэрэг залуустай тааралдаж, маргалджээ. Ингэхдээ Х.Тайванг “Эрүүдэн шүүдэг хүний хүүхэд” гэх мэтээр хэл амаар доромжилж, нүүрэн тус газар нь цохиж, хамрыг нь гэмтээсэн гэнэ. Улмаар харилцан зодолдож, П.Сайнзоригийн шанаа, эрүүнд гэмтэл учруулсан аж.

Өдгөө Х.Тайван, П.Сайнзориг нар хэн хэн нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт хандан биедээ учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор болоод буй бөгөөд дүгнэлт хараахан гараагүйг эх сурвалжууд хэлэв.

Харин П.Сайнзориг фэйсбүүк хуудсандаа “Танихгүй залуучууд хоргоогоод, гэнэт цохиод авсан. Дараа нь Б.Хурцын хүү Тайван, Бямбаа нар байсан гэдгийг мэдлээ. Камерын бичлэгт тодорхой байгаа. Элдэв зүйл хэрэглэсэн байгаагүй л бол яах вэ. Хуулийн байгууллага шалгах байх” хэмээн бичжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.