Б.Мандахбаярт хорих, Э.Амарбат тэргүүтэй хуульчдад торгох ял оноолоо
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн сарын 20-ноос эхлэн хэлэлцэж, Б.Мандахбаяр, Ц.Гантулга, П.Энхтогтох, Э.Амарбат, П.Одонтунгалаг, Б.Батсүх нарыг гэм буруутайд тооцсон юм. Улмаар хохирол төлбөр барагдуулах таван хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар өнөөдөр 15.00 цагт эрүүгийн хариуцлага оноох хурлыг үргэлжлүүлэн хийсэн юм.
УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд, АТГ, УЕПГ-ын хэлтсийн дарга зэрэг албан тушаал хашиж байгаад Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор болсон Э.Амарбат, “Баянхотгор” гэх компанид удирдах албан тушаал хашиж асан Б.Мандахбаяр, өмгөөлөгч П.Одонтунгалаг, хуучнаар ШШҮХ-д эрх бүхий албан тушаал хашиж байсан Ц.Гантулга, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан П.Энхтогтох, хуульч Б.Батсүх, Ш.Батхолбоо нарыг эрүүгийн хэд хэдэн үйлдэлд холбогдуулан НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн юм. Тодруулбал, дээрх хүмүүсийг албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, өгсөн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, Б.Мандахбаярыг бусдын эд хөрөнгийг залилсан, бусдыг амиа хорлоход хүргэсэн хэрэгт холбогдуулсан аж.
Дээрх шүүхийн шүүгч Э.Чанцалням, Д.Мөнхтуяа, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүн уг хэргийг ажлын арав гаруй хоногийн турш хэлэлцсэний эцэст Б.Мандахбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг үйлдсэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцов. Улмаар үйлдэл тус бүрт нь оноосон ялыг нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хасаж, нээлттэй хорих байгууллагад есөн жил хорих ял оноолоо. Мөн Б.Мандахбаяраас 11 тэрбум гаруй төгрөг гаргуулан хоригч БНХАУ-ын иргэнд олгуулахаар шийдвэрлэв.
Ц.Гантулга, П.Энхтогтох, Э.Амарбат нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон, уг гэмт хэргийг үйлдсэн гэм гэм буруутайд тооцсон. Ингээд Ц.Гантулга, П.Энхтогтох нарын нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, тус бүрийг нь 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Харин Э.Амарбатын төрд ажиллах эрхийг тэдэнтэй адил хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр торгохоор боллоо.
П.Одонтунгалагийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцон уг эрхийг нь хоёр жил хасаж, 10 сая, Б.Батсүхийг эл хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Ш.Батхолбоогийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан юм. Түүнчлэн Э.Амарбатын хахууль авсан, Б.Мандахбаярын хахууль өгсөн гэх үйлдлийг мөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.