Аяллын виз авч ирээд буцаагүй Гана улсын иргэнийг албадан гаргалаа
Монгол Улсад жуулчлах виз авч ирээд хугацаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байсан Бүгд Найрамдах Гана Улсын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ынхан илрүүлэн албадан гаргалаа.
Тухайн хүн нь жуулчлах буюу K2 ангиллын, 30 хоногийн хугацаатай цахим виз авч 2024 онд Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирсэн аж. Гэвч түр ирэгчийн визийн хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин сууж байсан гэнэ. ГИХГ-ын Зөрчил шалган шийдвэрлэх газрын ажилтнууд Гана улсын иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгох шийтгэл оноож, хоёр жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа. Ташрамд дурдахад, Гана улсын иргэдэд аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаатай аяллын цахим виз олгож байгаа. Гэвч тус улсын иргэд визийн хугацаа хэтрүүлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчил үйлдсэн тохиолдол цөөнгүй гарчээ. Тухайлбал, 2025 онд Гана улсын 10 иргэнийг ГИХГ-ынхан албадан гаргасан бөгөөд тэдний олонх нь түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлсэн байв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.