"Ромын Пап ламын хамгаалалтыг Швейцарын цэргүүд хариуцдаг"

"Ромын Пап ламын хамгаалалтыг Швейцарын цэргүүд хариуцдаг"

Ромын Пап лам буюу дэлхийн католик шашинтнуудын тэргүүн үе уламжлан бидний хэлж заншсанаар Ватикан улсад оршин суудаг. Монголчилбол, Гэгээн Ширээт Улс нь Бүгд Найрамдах Итали Улсын нийслэл Ром хот дотор 0.44 км2 нутаг дэвсгэртэй "Хот улс" юм.

Ватикан улсын Монте-Ватикано дэнж дээр байрлах тус хот улс ердөө 882 хүн амтай гэнэ. Түүх сөхвөл, өнө эртнээс энэ л нутаг дэвсгэрт оршиж, католик шашинтнуудын оюун санааны төв болж ирсэн Ватиканчуудын сүр хүч Италийн Хаант Улсын засаг, захиргаанд хэт их нөлөөлж ирсэн байдаг. Жишээлбэл, Италийн хаан угсаа залгамжлан хаан ширээндээ суухад Папаас зөвшөөрөл авдаг, шашнаар дамжуулан Италийн төрийн хэрэгт шууд оролцоотой байжээ.

Энэ нөлөөллийг 1929 оны “Латераны гэрээ”-ээр цуцалсан юм. Италийн Ерөнхий сайд Бенито Муссолони, Папын Төрийн нарийн бичгийн дарга (Ерөнхий сайд), кардинал Пиетро Гаспарри нар 1929 оны 2 дугаар сарын 11-ний өдөр “Латераны гэрээ”-нд гарын үсэг зурснаар Италийн нутаг дэвсгэрт тусгаар тогтносон, бүрэн эрхт Гэгээн Ширээт Улсыг байгуулж, Ватикан хотыг хүлээн зөвшөөрчээ.

Өдгөө Ватикан хот-улсын иргэдийн дийлэнх нь Итали, Швейцар гаралтай. 

  • Ромын Католик Сүмийн санваартнууд, шашны удирдлагууд
  • Папын хамгаалалтад ажилладаг Швейцарын харуулын гишүүд
  • Дипломат болон бусад ажилтнууд
  • Иргэдийн гэр бүлийн гишүүд, шашны ажилтнууд
Швейцарын 135 цэрэг өдгөө Пап ламын хамгаалалтыг хариуцаж байна. Тус улсын иргэд зургаан сарын хугацаатай цэрэгт бэлтгэгдсэний дараа Пап ламын хамгаалалтад оролцох өргөдөл гаргадаг. Тусгай сонгон шалгаруулалтын эцэст сонгогдсон цэргүүдийг хоёр жилийн хугацаат албанд ажиллуулдаг гэнэ.
Тэд энэ үедээ Ватикан улсын иргэн болох бөгөөд гэрээ дуусаж нутаг буцахдаа өөрийн орны иргэншлээ солиулдаг аж. 

d015668244174026a7f9e6e36334ad4f

Сонирхуулахад, дэлхийн бусад улс төдийгүй манай улсад Гэгээн Ширээт Улсын нэршилтэй холбоотой ташаа ойлголт хэвшсэн байдаг. Ватикан гэсэн нэршил нь Гэгээн Ширээт Улс байрлаж буй газар буюу хотын нэр юм. Харин улсын албан ёсны нэр нь Гэгээн Ширээт Улс  (Holy See) бөгөөд хоёр талын болон олон улсын байгууллагатай харилцах захидал, бусад улстай дипломат харилцаа тогтоосон баримт бичиг, НҮБ-ээс тус улсад байнгын ажиглагчийн статус олгосон тогтоол зэрэгт Holy See нэрээр бичигддэг ажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.