"Гүюг хааны Пап ламд илгээсэн түүхэн захидлын хариу 777 жилийн дараа Монгол улсад эргэн ирсэн нь"
Дэлхийн түүхэнд "Монголын их хаан Гүюгийн Пап 4 дүгээр Иннокентид илгээсэн захидал" нэрээр алдаршсан түүхэн үйл явдлын хосгүй бичиг баримт өдгөө Итали улсын Ром хотын төвд байрлах Гэгээн ширээт улсын Апостолын архивт хадгалагдаж буй. Папд илгээсэн захидлын хариу хэрхэн Монгол Улсад эргэн ирснийг өгүүлэхийн өмнө яагаад тэрхүү алдарт захидал Их Монгол улсыг зорин ирсэн түүхийг эргэн дурсая.
Монголын эзэнт гүрний хаанчлал Их эзэн Чингис хааны үеэс эхэлж Өгөдэй хааны үед хүрээгээ улам тэлж байсны нэг илэрхийлэл нь Бат хаанаар удирдуулсан цэрэг арми 1236-1240 онуудад Кипчак, Алан, Кавказын нутаг болон Оросын вант улсуудыг эзлэх аян дайнууд юм. Өгөдэй хаан тус армийг цааш үргэлжлүүлэхийг хүсэж байсан нь одоогийн Европ тивийг хамарч дайлаар мордохыг Бат хаанд даалгасан явдал байлаа.
Тухайн үеийн Монголын цэрэг арми Европын улс орнуудад хөл тавих нь цаг хугацааны асуудал болж, тухайн үеийн улс гүрнүүд сэтгэл түгшин анхааралтай ажиглаж байсан ч 1241 онд Өгөөдэй хаан тэнгэрт хальсан юм. Түүнээс хойш Дөргэнэ таван жил төрийн эрхийг атган суусан төдийгүй Чингис хааны отгон дүү Тэмүгэ отчигин ноён Дөргэнэ хатныг зайлуулж, өөрөө хаан суурийг эзлэх оролдлого, Гүюг хаан их ор суусан зэрэг үйл явцуудаас бол Бат хаан Европын улс орнуудыг дайлаар мордохоос азнаж, цаг хугацааны төлөвлийг харан суужээ.
Энэ үед Европын улс орнууд үргэлжийн айдас дунд байсан гэхэд хилсдэхгүй. Хэзээ мөдгүй нөмрөн орж ирэх Их эзэнт гүрний цэргээс болгоомжилж, хэрхэн тэдний морин жолоо нааш эргэхийг болиулах талаар ээлж дараалан ярилцаж байлаа. Эцэст нь тэд тухайн үеийн Европын оюун санааны тэргүүн Пап 4 дүгээр Иннокентээр захидал бичүүлж, Монголын их эзэн хааныг зогсоохыг оролдсон оролдлого хийсэн юм.
Папын захидлыг тухайн үеийн туршлагатай аялагч, католик шашны санваартай Плано Карпини Гүюг хаанд гардуулах үүрэг хүлээж Францын Лион хотоос 1245 оны 4-р сарын 16-нд хөдөлжээ. Тэрбээр бүтэн жил явсны эцэст 1246 оны 4-р сард Ижил мөрний сав газар дахь Бат хааны орд өргөөнд ирсэн байна. Гэвч удтал хүлээлгэсний эцэст Бат хаан уг захидлыг хүлээн авахаас татгалзаж, Их Монгол улсын эзэн Гүюг хаанд хүргэж өгөхийг хүсчээ. Үүний өмнө тэрбээр захидлыг перс хэлний орчуулагчаар орчуулан уншсан аж. Ингэхдээ гол утга санааг нь нямбайлан тэмдэглэж авч байсан гэдэг.
Ингээд Плано Карпини цааш хөдөлж тухайн оныхоо 7 дугаар сард Монгол нутагт хүрэлцэн иржээ. Дөрвөн сар хүлээлгэсний эцэст Гүюг хаан Европын элчийг хүлээн авч уулзаад хариу захидлаа өгчээ.
Пап захидалдаа Их Монгол улсын цэрэг арми загалмайн шашинтнуудын амийг хөнөөж, эзлэн түрэмгийлэл үйлдэж байгааг буруушаан Монголчуудыг Христийн шашинд дагаар орохыг бурхны нэрийг барин гуйж, цаашид хэрхэх төлөвлөгөөтэй байгаагаа өгүүлэхийг чин сэтгэлээсээ хүсчээ
Гүюг хааны захидлын хариуг товчилбол, Пап ламын өгүүлсэн өгүүлэмж бүрийн араас хариу тайлбар хийн няцаасан бөгөөд эцэст нь Чи өөрөө хамаг ноёд, эхнэр хүүхдийн хамт надад хүрэлцэн ирж хорогдвоос өршөөн соёрхох бөгөөд тэр цагт чамд эзэнт гүрний Их цааз ёсыг ойлгуулан таниулна. Хэрэв эс ирвээс хэрхэхийг тэнгэр мэдсүгэй хэмээжээ.

Гүюг хааны захидлын дэлгэрэнгүй тайлбарыг ЭНД дарж уншина уу.
"644 оны Жумада сарын хоёрны сүүлээр" гэж төгсгөсөн уг захидлыг Папын элч гардан авч 1246 оны 11 дүгээр сард нутгийн зүг гэдрэг буцаад дараа жилийн намар Пап ламын гарт хүргэжээ.
Түүхийн үйл явц ийнхүү өрнөж Европын улс орнууд эзэнт гүрний зүгээс ирэх хариу дайн тулааныг сэтгэл түгшин ажиглаж байсан ч бурхан тэднийг өршөөн 1248 онд Гүюг хаан Батын зүг цэрэглэн хөдөлж яваад одоогийн Шинжаан мужийн нутагт байсан Бешбалык хотын ойролцоо нас баржээ.
Түүнээс хойш эзэнт гүрний цэрэг арми Европын зүг хөл тавиагүй билээ.
Харин эл түүхэн үйл явдлаас хойш 777 жилийн дараа Ромын Пап Францис 2023 онд Монгол Улсад айлчлан ирж эзэнт гүрний Их хаан Гүюгийн захидлын дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр өргөн барьж, Монгол улсын иргэдэд хандаж хэлсэн үгэндээ, “Монгол Улс бол оюун санаа, сүсэг бишрэлийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг” хэмээн тодорхойлон хэлсэн билээ.

Түүхэнд Гүюг хааны захидал нэрээр алдаршсан эл түүхэн үйл явц өдгөөгийн дэлхийн түүхэнд хоёр чухал эх сурвалж болдог.
Нэгдүгээрт, Папын элч алдарт аялагч Плано Карпины Папын захидлыг гардан авч Францаас Азийн зүг гарахаасаа эхлээд Их Монгол улсад хөл тавьсан, гэдрэг буцсан үйл явдлуудаа нэгбүрчлэн аялалын тэмдэглэл болгон бичиж үлдээсэн нь Эзэнт гүрний үеийн буюу түүхийг өдгөөгийн дэлхий дахинд таниулсан томоохон гавъяа болжээ.
Хоёрдугаарт, Их Монгол улсын эзэнт гүрний үеийн хааны тамганы хамгийн тод томруун дүрслэлтэй гарсан ганц эх сурвалж нь Гүюг хааны захидал юм. Захидал дээр монгол бичгээр “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиаг ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн 6 мөр 15 үгтэй тамганы дардас буй. Эрдэмтэд уг тамга нь Гүюг хааны захидал дээр дарагдсан боловч угтаа Чингис хааны үеэс уламжлан их хаадын гар дамжин ирсэн Их Монгол Улсын төрийн тамга гэж үздэг байна.

Өдгөө Гүюг хааны захидал Ватикан хотын зүрхэнд орших Ватиканы Апостолын архивь эх хувиараа хадгалагдан буй. Католик шашны түүхэн баримт бичгүүдийг хадгалсан, дэлхийн хамгийн нууцлаг, үнэ цэнтэй эл архивыг 1612 онд Пап Павел V-ийн зарлигаар үүсгэн байгуулж, тухайн үед “Ватиканы нууц архив” хэмээн нэрлэж байлаа.
Монгол судлаачдын хувьд Ватиканы Апостолын архив нь XIII-XIV зууны үеийн дипломат харилцааны түүхийг судлах чухал эх сурвалж болдог. Тухайлбал, Монголын их хаан Гүюг 1246 онд Пап 4 дүгээр Иннокентид илгээсэн захидал, мөн Пап ламын элч Плано Карпинийн Монгол орноор аялсан тэмдэглэл зэргийг Ватиканы архивт хадгалж байдаг билээ

Эл нууц архивтай Монголын талаас танилцаж, Гүюг хааны захидлыг харсан хүн нь өдгөөгийн Чингис хаан музейн захирал, түүхч С.Чулуун юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Ватиканы Апостолын архив, номын санд зочилсон. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ватиканы Апостолын архивд хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний Их хаан Гүюгээс 1246 онд Пап Дөрөвдүгээр Инносент-д илгээсэн захидал болон Монгол эзэнт гүрний үед харилцаж байсан захидлуудын эхийг үзэж сонирхсон нь бас нэгэн түүхийн гэрч юм.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.