Баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар цас орж байна

Баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар цас орж байна

Өнөөдөр /2025.12.06/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -27...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -22...-27 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор -12...-17 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эхээр -18...-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -13...-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

12-р сарын 07-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд нутгийн зарим газраар, 10-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

07-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.