Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлангаар ахлуулсан арьс, ширний салбарын төлөөлөл Итали Улсын Санта Кроче хотын арьс ширний парктай танилцлаа.
Төлөөлөгчид дэлхийд тэргүүлэгч энэ паркийн дотоод бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн болон боловсруулах үйлдвэр, гутлын үйлдвэр, цэвэрлэх байгууламж, судалгаа хөгжлийн төвөөр зочилж, дэвшилтэт технологи, хатуу болон шингэн хог хаягдлын менежмент зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

Мөн Санта Кроче хотын захирагч Роберто Жианини, Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Фабрицио Нути, Санта Кроче паркийн арьс, ширний холбооны Ерөнхийлөгч Риккардо Бандини, Италийн арьс, ширний химийн материал үйлдвэрлэгчдийн холбооны нарийн бичгийн дарга Массимо Мажжиони, “Италпрожетти” ХХК-ийн газрын захирал Даниэлэ Бакки нартай уулзлаа.
Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан "Цагаан алт" хөдөлгөөний талаар мэдээлэл өгч, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, нэмүү өртгийн сүлжээ, өрсөлдөх чадварыг сайжруулахад "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, "Шинэ хоршоо" хөдөлгөөн, “Эмээлт” эко аж үйлдвэрийн парк, "Атар-4" аян чухал үүрэг гүйцэтгэхийг хэллээ.
Монголын арьс, ширний экспортын хэмжээ сүүлийн таван жил тасралтгүй буурч байгааг италийн тал онцолж, цаашид чанартай түүхий эд бэлтгэхэд анхаарахыг хүслээ.

Мөн монголын арьс, ширэн түүхий эдэд таарсан технологи боловсруулж нэвтрүүлэх, чанартай химийн материалаар хангах чиглэлээр хамтарч ажиллах боломжтойг илэрхийллээ.
Энэ үеэр Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо болон Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбоо хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Энэ хүрээнд:
- -Арьс ширний салбарт ажиллах боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах,
- -Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- -Тус тусын улсад зохион байгуулах үзэсгэлэн, худалдаанд оролцох,
- -Худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудад тулгуурлан B2B хамтын ажиллагааг сайжруулах, хөнгөвчлөх зэргээр хамтрах юм.
Цаашид манай улсын арьс, ширний салбарыг хөгжүүлэхэд Италийнтэргүүн туршлага, нөү-хау, технологийг ашиглан, бүх түвшинд, бүх талыг оролцуулсан хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.