Монгол Улс Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа ажиллахаар боллоо
Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын Дэлхийн өвийн хороонд 2026-2029 онд ажиллах гишүүний ээлжит сонгуульд нэр дэвшихээ зарласан билээ.
Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн 42 дугаар чуулган, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо хуралдсан 43 дугаар чуулганы үеэр сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлыг хангаж, конвенцын гишүүн улсуудтай хоёр талт уулзалтыг зохион байгуулж, санал солилцож, дэмжлэг хүсэж ажилласан.
ЮНЕСКО-ийн 43 дугаар Бага хурлын хаалт Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2025 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Сонгууль хоёр үе шаттайгаар явагдсан бөгөөд эхний шатанд бүс нутгийн бүлэг тус бүрт оногдсон суудлын төлөө санал хураалт явагдаж, I бүлгээс Швейцарь, II бүлгээс Азербайжан, III бүлгээс Гренада болон Перу, Va бүлгээс Того болон Танзани, Vb бүлгээс Кувейт улсууд сонгогдсон байна
Тус чуулганы үеэр Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын 25 дугаар Ерөнхий Ассамблей зохион байгуулагдаж, Дэлхийн өвийн хорооны гишүүний сонгуульд 5 суудлын төлөө 15 улс өрсөлдсөнөөс Монгол Улс нийт 97 улсын саналаар Дэлхийн өвийн хорооны гишүүнээр 2026-2029 онд ажиллахаар анх удаагаа сонгогдлоо.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.