Улсын эрх ашгийг бодож Н.Учрал УИХ-ын дарга болох замыг сонгов уу
МАН-ын Удирдах зөвлөл яг одоо төрийн ордонд хуралдаж байна. Тус хурлаар сар гаруй хугацаанд эзэнгүй байгаа УИХ-ын даргын албанд хэнийг томилохоо шийднэ.
МАН-ын 31 дүгээр Их хурлаас намын даргаар дуу нэгтэй сонгогдсон Н.Учралд уг нь улс төрийн хагарал тэмцлийн үр дүнгээс гарсан бялууг хуваах "хязгааргүй" гэмээр их эрх мэдэл ирсэн. Намын дарга Ерөнхий сайд байх бичигдээгүй хууль хүчин төгөлдөр үйлчилж, уг заалтыг Их хурлын төлөөлөгчид дуу нэгтэйгээр цааш мөрдөх шийдвэр гаргасан. Өдгөө ч намын даргын эрх мэдлээ хүч оруулж, гүйцэтгэх засаглалын тэргүүнээ ав гэж шахах нэг хэсэг, хоёр албан тушаалыг хамтад нь хаших нь зөв хэмээн гаднаас нь гал өрдөх нэлээдгүй хэсэг дуу дуугаа авалцан мэдэгдсээр буй.
Гэвч Н.Учрал шийдвэрээ гаргасан бололтой. Тэрбээр өнөөдөр хуралдаж буй намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр удтал хагаралдсан улс төрийн галыг намжааж, улсын эрх ашгаа бодож гүйцэтгэх засаглал руу гар сунгахгүй. Эв нэгдлийг хангаж УИХ-ын даргын албан тушаалаа хашаад явах тухайгаа мэдэгдэх бололтой.
Учир нь, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, бодитоор бус төсөөллөөр баталсан улсын төсвийн хэт хөөрөгдлөөс болж сөхрөх шахаад буй улсын эдийн засаг улс төрийн энэ тэмцэл цааш үргэлжилбэл улам бүр доройтохыг харж буй бололтой. Дээрээ суудлаа олж, дороо зөв шийдвэрүүд яаралтай гаргахгүй бол өнөөдөр манай улс эдийн засгийн хямралд орж, төрийн албан хаагчдын цалин, халамжийн бүлгийн тэтгэмжүүдээ ч өгч чадахгүй хэмжээнд хүртлээ доройтоод буй.
Н.Учралын гаргах улс төрийн шийдвэр улсад ашигтай ч намын дотоод хямралд хэр хохиролтой тусахыг өөдөөс тосож буй цаг хугацаа харуулах биз ээ. Түүний өмнө 2027, 2028 оны сонгуулийн үр дүн хүлээж буй. Өнөөдөр гаргах улс төрийн шийдвэрээс ирээдүйн хоёр сонгуулийн үр дүн шууд утгаараа хамаарна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.