Х.Пүрэвхүү: Тракторчин хүнийг шууд л улсын хэмжээний нарийн мэргэжлийн цементийн үйлдвэрт захирлаар тавьчихлаа гэх шүүмжлэл гараад байна

AI хөрвүүлсэн
Х.Пүрэвхүү: Тракторчин хүнийг шууд л улсын хэмжээний нарийн мэргэжлийн цементийн үйлдвэрт захирлаар тавьчихлаа гэх шүүмжлэл гараад байна

"Цемент Шохой" ХХК-ийн ажилчдын дунд улс төрийн томилгоо, мэргэжлийн бус удирдлагын томилгоотой холбоотой шүүмжлэл гарч эхэллээ. Ажилчдын үзэж байгаагаар, удирдлага байнга солигдох нь /сүүлийн гурван жилийн дотор 4 удаа гүйцэтгэх захирал нь солигдсон/ үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа барилгын салбарын ийм чухал үйлдвэрийг мэргэжлийн удирдлагаар хангах шаардлагатай байна гэж байна.

"Цемент Шохой" ХХК-ийн ажилчин Х.Пүрэвхүүтэй ярилцлаа. Тэрбээр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 34 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд одоо Аж ахуйн албаны даргаар ажиллаж байгаа гэнэ. 2022 оноос хойш тус үйлдвэрт3-4 захирлын нүүр үзэж байгаа ч тэд бүгд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдож байгааг огт ойлгохгүй байгаагаа хэллээ. 

"Цемент Шохой" ХХК-ийн ажилчин Х.Пүрэвхүүгийн ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

Компанийг салбараа ойлгодог, мэддэг хүн удирдаж, сонгон шалгаруулалттай, хууль ёсны томилгоо хийгдэх ёстой. Намын болон улс төрийн томилгоо нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж ажилчид санаа зовниж байгааг тэрээр дурдлаа. Мөн уул уурхайн салбарын компанийг мэргэшсэн хүмүүс удирддаг байх нь илүү үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэдэг гэлээ. Энэ бол зөвхөн өөрийнх нь бодол бус нийт ажилчдын бодол аж. 

Одоогийн удирдлагын тухайд "Тракторчин хүнийг шууд л улсын хэмжээний нарийн мэргэжлийн цементийн үйлдвэрт захирлаар тавьчихлаа гэх шүүмжлэл их гарсан" гэв. Шинэ захиралтайгаа ердөө нэг л удаа уулзсан бөгөөд ямар мэргэжилтэйг нь ч мэдэхгүй байгаа. Өмнөх захирал Д.Баттүвшин нь ч мэргэжлийн бус бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байсан гэх мэдээлэл олж харсан гэлээ. 

Цементийн үйлдвэрт салбарын өндөр туршлагатай хүнийг сонгон шалгаруулалтаар томилох нь зөв бөгөөд зөв менежментээр удирдлагын багийг бүрдүүлснээр үйлдвэрт эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр төрийн өмчийн үйлдвэр, тэр дундаа Монголын ууган үйлдвэр болох Хөтөлийн цемент шохойн үйлдвэр нь төрдөө ашигтай ажиллаж, ажилчдаа тогтвортой ажлын байраар хангаж, цалингаа цаг тухайд нь олгож байх ёстойг онцоллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.