🔴 Б.Мөнхтөр: Хөтөлийн цементийн үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож байгаа нь үнэн

AI хөрвүүлсэн
🔴 Б.Мөнхтөр: Хөтөлийн цементийн үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож байгаа нь үнэн

"Цемент Шохой" ТӨХК-ийн ажилчдын дунд улс төрийн томилгоо, мэргэжлийн бус удирдлагын томилгоотой холбоотой шүүмжлэл гарч эхэллээ. Ажилчдын үзэж байгаагаар, удирдлага байнга солигдох нь /сүүлийн гурван жилийн дотор 4 удаа гүйцэтгэх захирал нь солигдсон/ үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа барилгын салбарын ийм чухал үйлдвэрийг мэргэжлийн удирдлагаар хангах шаардлагатай байна гэж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхтөртэй ярилцлаа. Тэрбээр, Хөтөлийн цементийн үйлдвэр манай орон нутгийн төсвийн орлогын 60-70 хувийг бүрдүүлдэг хамгийн чухал обьект. Үйлдвэр, уурхай дагаж хот байгуулагдсан. Бид энэ үйлдвэрээ түшиж олон жил сайхан амьдарч байна. Сүүлийн үед үйл ажиллагаа нь доголдож байгаа гэв.

Тэрбээр, 2021 оны хуулийн шинэчлэлээр ХХОАТ орон нутагт ордог болсон. Цементийн үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсийн татвараар сум, орон нутаг санхүүжиж үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс орон нутгийн амьдралд маш их нөлөөтэй үйлдвэрлэл.

Төр байна уу, хувийн хэвшил байна уу, хамаагүй. Орон нутагт үйлдвэр тасралтгүй сайн ажиллаж, бүтээмжтэй байж, хүмүүс цалин мөнгөө аваад явбал манай орон нутгийн зардал санхүүжигдээд явах боломжтой. Ирэх жилээс Хөтөлийн цементийн үйлдвэрийн үйл ажиллагаанаас маш их зүйл шалтгаалах гээд байна. Ирэх жилийн бэлтгэл ажлаа хангаад, өвөлдөө хүйтнээс шалтгаалаад зогсох байх. Ер нь ирэх жил хэр сайн ажиллахаас бүх зүйл шалтгаална. Өнгөрсөн 2023 онд барилгын ид үеэр сайн ажиллаж чадаагүй шүү дээ.

Б.Мөнхтөр: Хөтөлийн цементийн үйлдвэр бол нарийн мэргэжлийн химийн үйлдвэр, хүнд үйлдвэр. Илүү мэргэжлийн хүн удирдвал үйлдвэрийн хөгжилд хэрэгтэй. Олон ажлын байр байхгүй болно гэдэг юм уу, зогсонги байдалд орно гэдэг нь манай орон нутгийн эдийн засагт хохирол учруулж байгаа хэрэг

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхтөрийн ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

Одоогоор сум, орон нутгийн төсөв тасраагүй ч өр үүсчихсэн явж байгаа. Өмнөх онуудын орлого орж ирвэл сум, орон нутагт маш их хэрэгтэй. Цаашдаа үйлдвэрийн үйл ажиллагаа доголдоод, ажилчид нь чөлөөнд суугаад, татвар төвлөрөхгүй бол орон нутгийн хувь заяа хэцүүднэ. Орон нутгийн хувьд үйлдвэр үүргээ гүйцэтгэх ёстой гэдэг талаас нь ТУЗ-тэй уулзаж санал солилцож байгаа. Компани ТӨК юм чинь ямар журам зааврын дагуу гүйцэтгэх захирлаа томилох ёстой юм. Сонгон шалгаруулалт байх ёстой гэж бодож байна.

Үйлдвэр бидний хувьд том асуудал, сэдэв байдаг болсон. Эргээд том улс төрийн сэдэв болж хувирч байна. Тиймээс үйлдвэрийн цаашдын менежменттэй холбоотой асуудал аягүй чухал байна. Эрдэнэс Монгол ч байна уу, ТУЗ эд нар нь анхаараад, энд 10 мянган хүн ажиллаж амьдарч байгаа учраас үйлдвэрийг зөв голдиролд нь оруулах, зөв менежмент хийх талаас нь дэмжиж ажиллавал манай орон нутагт хэрэгтэй."

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.