🔴 Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн ажилчид мэргэжлийн удирдлага томилохыг хүсэж байна
"Цемент Шохой" ТӨХК-ийн ажилчдын дунд улс төрийн томилгоо, мэргэжлийн бус удирдлагын томилгоотой холбоотой шүүмжлэл гарч эхэллээ. Ажилчдын үзэж байгаагаар, удирдлага байнга солигдох нь үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа барилгын салбарын ийм чухал үйлдвэрийг мэргэжлийн удирдлагаар хангах шаардлагатай байна гэж байна.
Тус үйлдвэрийн ажилчдын хувьд, улс төрийн томилгоо нь үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ажилчдын нийгмийн хангамжийг бууруулж болзошгүй гэж үзэж байна. Тэд компанийг ашигтай ажиллах, зөв менежменттэй, мэргэжлийн ур чадвартай хүмүүсийг тохирсон албан тушаалд томилохыг хүсч байна.
Шинээр томилогдсон захирал нь /Л.Ганбаатар/ механик инженерийн мэргэжилтэй гэж байгаа боловч зарим ажилчид түүнийг ХАА-н чиглэлийн мэргэжилтэй гэж үзэж, барилгын салбарын мэргэжилтэн биш гэж шүүмжиллээ.
Хөтөлийн "Цемент Шохой" ТӨХК-ийн ажилчдын ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
Ажилчдын зүгээс удирдлагын сонгон шалгаруулалтын үйл явцыг илүү шударга болгохыг шаардаж, компанийн ажилчдын эрх ашгийг бодолцолгүйгээр улс төрийн томилгоо хийж байгааг эсэргүүцэж байна.
"Цемент Шохой" ТӨХК нь 40 жилийн түүхтэй, Монголын хамгийн анхны том цементийн үйлдвэр бөгөөд улсын бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулдаг. Тиймээс зөв менежмент, хүний нөөцийн бодлоготой байх нь чухал. Үйлдвэр тасралтгүй ажиллах нь ажилчдын цалин, урамшуулалд эерэгээр нөлөөлдөг. Хэрэв үйлдвэр доголдвол бүтээлийн урамшуулал буурч, ажилчдын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж ярилаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.