Төрийн “менежмент” Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг дампуурах эрсдэлд хүргэв

Төрийн “менежмент” Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг дампуурах эрсдэлд хүргэв

40 гаруй жилийн түүхтэй Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК өнөөдөр дампуурлын ирмэгт байгааг ТӨХК-иудыг хариуцдаг "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт Та мэдэж байгаа юу?

Өнгөрөгч баасан гарагт тус үйлдвэрийн ажилчид хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж, дуу хоолойгоо хүргэсэн. Тэд төрийн томилгоо нэрээр мэргэжлийн бус гүйцэтгэх удирдлага томилогдож ирдэгээс үүдэн тус үйлдвэр ямар ч менежментгүй болж, засаглалын хямралд өртөөд байгааг удаа дараа илэрхийллээ.

Энэ удаа ажилчид ямар нэгэн ашиг сонирхол харсангүй, зөвхөн мэргэжлийн удирдлагаар хангаж өгөхийг "Эрдэнэс Монгол" нэгдлээс хүсэж байна.

Тодруулбал, үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн төрийн мэдэлд л байсаар ирсэн тус үйлдвэрийг 2015 онд хувьчлах шийдвэрийг гаргаж "Күй Эс Си" компанид хувьчилуулсан байдаг. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед буюу 2022.03.23-ны өдөр хувьчлалтай холбоотой Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож, тус үйлдвэрийг төрд хураан авсан. Түүнээс хойш улс төрийн томилгоо байнга хийгдэж, гурван жилийн дотор 4 захирал солигджээ.

Эхлээд УИХ-ын гишүүн асан MCS компанийн төлөөлөл гэгддэг Л.Элдэв-Очир тус үйлдвэрт төрд төлөөлөх гүйцэтгэх удирдлагаар томилогдсон. Бизнесийн салбарын хүний хувьд төрийн мэдлийн үйлдвэрийг "бүтэхгүй нь" гэдгийг ойлгож хэдхэн хоноод хаяад явсан. Түүний дараа цахим орчинд "Оймс Наба" нэрээр танигдсан Л.Наранбаатар хэсэг ажиллаж, цар тахлын үед шоуны гэмээр шийдвэрүүд гаргаж, удаан хугацаанд хамтарч ажиллаж байгаа хамтрагч нарыг нь "хөөн явуулж", цемент зарах цэгүүдийг олноор байгуулан үнийг нь унагаснаар үндсэндээ тус үйлдвэр ТЭГ зогсолтод орсон нь үнэн.

Түүний дараа мөн л намын томилгоо, цүнх баригчдын нийтлэг жишиг болсон Д.Баттүвшин гэх залуу томилогдсон бөгөөд түүнийг хэдхэн хоногийн өмнө улс төрийн шалтгаанаар халж сольсон. Харин өнгөрөгч намар ирсэн Гүйцэтгэх захирал Л.Ганбаатарын үед үйлдвэрийн ажилчид тэсвэр тэвчээрээ баржээ.

Сэлэнгэ аймгаас сонгогдсон, ССАЖЗ-ийн сайд Ч.Ундрамын бие төлөөлөгчөөр ажиллаж байсан тэрээр төрийн албаны сонгон шалгаруулалтгүй, хууль зөрчиж шууд томилогдсон. Крандуулж гарч ирсэн түүнийг тракторч, эсвэл жолооч мэргэжилтэй гэж ажилчид нь тааж байгаа гэнэ. Мэргэжлийн хүн эсэхэд нь эргэлзэх шалтгаан нь наад захын үйлдвэрийн үйл ажиллагаа, мэргэжлийн үг хэллэгээ ч ойлгодоггүй аж. Түүнээс ямар мэргэжилтэй, ажлын туршлагатай хүн болохыг нь тодруулахыг хүссэн ч хэлдэггүй. Тэгэхээр анх томилсон "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт танаас тодруулан асууж байгаагаа үйлдвэрийн ажилчид хэлж байна. Мөн энэ хүнийг ямар сонгон шалгаруулалтаар томилсон шалтгаанаа тайлбарлахыг хүсэж байна. 

Товчдоо, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-д мэргэжлийн удирдлага томилохыг сайд дарга нараас хүсэж байгаа аж. Хэрэв энэ чигээрээ үргэлжилбэл ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн

Тус үйлдвэр дампуурлын ирмэгт хүрч, нэг төгрөг орлого олохын тулд 1,7 төгрөг зарцуулдаг буюу бүрэн алдагдалтай ажиллаж байгаа нь төрийн менежментийн бодит үр дүн юм. Үүнийг ч Засгийн индэр дээрээс ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өнгөрөгч зун хэлж алдагдалтай ажиллаж, байдал хүндэрснийг баталсан байдаг.

Мөн Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ҮЭХ-ны дарга Л.Энхбаатар "Мэргэжлийн бус удирдлагын уршгаар үйлдвэрлэлийн процесс алдагдаж, тоног төхөөрөмжийн засвар, түүхий эдийн нөөц хангалтгүй болох эрсдэл нэмэгдэж байгаа нь ажилчдын амьжиргаанд шууд нөлөөлж байна. Хөтөл сумын 10 мянга гаруй иргэдийн амьдрал энэ үйлдвэрээс хамааралтай бөгөөд үйлдвэрийн татвараар орон нутгийн хөгжлийг дэмждэг юм. Өмнөх удирдлагуудын тайланг нээлттэй болгож, мэргэжлийн хяналтыг хангахгүй бол компани ашигтай ажиллах боломж алдагдаж, 2026 онд үйлдвэрлэл бүрхэг байдалд орно" гэлээ. 

Явж явж тус үйлдвэр менежментийн хувьчлалд шилжээд байсан цагтаа хамгийн их хөрөнгө оруулалт хийгдэж, цементийн үнээрээ ч дотоодын зах зээлдээ дийлэнх хувийг эзэлж байжээ. Хувьчлагдсан он жилүүдэд нийттээ 260 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг АТГ шалгалтаар тогтоож байсан байна. Өмнө нь, хуучин нойтон аргаар цемент үйлдвэрлэдэг байсан технологийг байгаль орчинд ээлтэй, ус, эрчим хүч бага хэрэглэдэг хуурай аргын технологи болгож, шинэ үйлдвэр барьж өрөгжүүлсэн байдаг. Улмаар нийт хүчин чадал жилийн 200 мянгаас 1 сая тонн руу хүргэсэн байдаг гэдэг.

“Цемент шохой” ТӨХК Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төсвийн 60 хувийг бүрдүүлдэг. Үйлдвэр алдагдалтай ажиллаж, ажилчдын өрхийн орлого багассан нь орон нутгийн жижиг дунд бизнес, үйлчилгээний салбарт мэдэгдэхүйц уналт үзүүлж, төсвийн орлого доголдож, энэ хэвээр үргэлжилбэл сумын нөхцөл хэцүүднэ гэдгийг Сайхан сумын удирдлагууд хэлж байна.

Төр буруу менежмент, улс төрийн ашиг сонирхлоор удирдахын жишээг үзүүлж, стратегийн гэж болохоор үйлдвэрийг сэргээх бус, суулгах замаар “төр муу менежер” гэдгээ нотолж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.