🔴 Л.Энхбаатар: "Цемент шохой" ХК-ийн үйл ажиллагаа доголдолд орж мэргэжлийн бус удирдлагаа эсэргүүцэж байна
Хөтөлийн цемент шохойн компанид улс төрийн томилгоогоор мэргэжлийн бус хүмүүсийг томилж байгааг үйлдвэрийн ажилчид эсэргүүцэж эхэллээ. Мэргэжлийн бус хүн удирдсанаар үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, ашиггүй ажиллах эрсдэл нэмэгдэж байгаа гэж тус үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Л.Энхбаатар хэллээ.
Тэрбээр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн сайд Чинбатын Ундрамын бие төлөөлөгчөөр ажиллаж байсан Лүүлүүгийн Ганбаатар манай Хөтөлийн цемент шохойн компанийн гүйцэтгэх захирлаар саяхан томилогдсон. Ганц энэ хүн ч биш сүүлийн гурван жилд гурван мэргэжлийн бус удирдлага томилогдож, компани ашиггүй ажиллаж, цементийн чанар муудах эрсдэлтэй байгаа. 2023 оноос хойш ийм байдал үргэлжилж улс төрийн томилгооны улмаас засаглалын хямрал үүссэн.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэр нь 40 гаруй жилийн түүхтэй, Монгол Улсын барилгын салбарт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байгууллага. Төрийн өмчит энэ үйлдвэр хувийн хэвшил болон дахин төрд шилжих явцдаа олон сорилттой тулгарч байсан ч, сүүлийн үед удирдлагын тогтворгүй байдлаас болж нэр хүндээ алдаж байна
Л.Энхбаатар: Мэргэжлийн бус Гүйцэтгэх захирлууд томилогдож байгаа нь ажилчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөг тогтворгүй болгож байна
"Цемент шохой" ХК-ийн ҮЭХ-ны дарга Л.Энхбаатарын ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
Компанийн ажилчид мэргэжлийн удирдлагыг шаардаж, ТУЗ болон Эрдэнэс Монгол компани руу олон удаа хүсэлт илгээсэн. Тодорхой хэлбэл, нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, мэргэжлийн боловсон хүчнээр удирдлагыг хангахыг хүсэж байна. Сүүлд томилогдсон Л.Ганбаатар нь мэргэжлийн хүн биш, тракторч, жолооч мэргэжилтэй гэж яригдаж байна. Бид тухайн хүнийг эс зөвшөөрөх, эсвэл зөвшөөрөх тухай ярихаас илүүтэйгээр томилгооны журам, сонгон шалгаруулалтын шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж байгаа.
Мэргэжлийн бус удирдлагын уршгаар үйлдвэрлэлийн процесс алдагдаж, тоног төхөөрөмжийн засвар, түүхий эдийн нөөц хангалтгүй болох эрсдэл нэмэгдэж байгаа нь ажилчдын амьжиргаанд шууд нөлөөлж байна. Хөтөл сумын 10 мянга гаруй иргэдийн амьдрал энэ үйлдвэрээс хамааралтай бөгөөд үйлдвэрийн татвараар орон нутгийн хөгжлийг дэмждэг юм. Өмнөх удирдлагуудын тайланг нээлттэй болгож, мэргэжлийн хяналтыг хангахгүй бол компани ашигтай ажиллах боломж алдагдаж, 2026 онд үйлдвэрлэл бүрхэг байдалд орно гэлээ.

“Цемент Шохой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Ганбаатар
Мэдээллийг тодруулбал, Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийг 2015 онд хувьчилсан байдаг. "QSC" буюу "Күй Эс Си" компани хувьчилж авснаас хойш нийт 260 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг АТГ шалгалтаар тогтоож байсан. Өмнө нь, хуучин нойтон аргаар цемент үйлдвэрлэдэг байсан технологийг байгаль орчинд ээлтэй, ус, эрчим хүч бага хэрэглэдэг хуурай аргын технологи болгож, шинэ үйлдвэр барьж өрөгжүүлсэн байдаг. Улмаар нийт хүчин чадал жилийн 200 мянгаас 1 сая тонн руу хүргэсэн байдаг гэдэг.
Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед буюу 2022.03.23-ны өдөр хувьчлалтай холбоотой Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож, тус үйлдвэрийг төрд хураан авсан. Түүнээс хойш улс төрийн томилгоо байнга хийгдэж, гурван жилийн дотор 3 захирал солигджээ. Эхлээд "Оймс Наба" буюу Л.Наранбаатар хэсэг ажиллаж, дараа нь Д.Баттүвшин гэх залуу томилогдсон. Сая 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа Л.Ганбаатар гэх Гүйцэтгэх захирал иржээ. Түүнийг өмнө нь Ч.Ундрам сайдын бие төлөөлөгчөөр ажиллаж байсан гэдэг бөгөөд төрийн албаны сонгон шалгаруулалтгүй, хууль зөрчиж шууд томилогдсон гэж ажилчид хэлж байна. Наад захын үйлдвэрийн үйл ажиллагаа, мэргэжлийн үг хэллэгээ ч ойлгохгүй байгаа хүн улсын хэмжээний том үйлдвэрийг хэрхэн удирдах, бизнес төлөвлөгөө хэрхэн гаргаж ашигтай ажиллуулах талаар ч бүрхэг байгаа гэнэ.
Ийм мэргэжлийн бус хүнийг томилсонд ажилчид нь эсэргүүцэж байна.Тэд мэргэжлийн удирдлага томилохыг сайд дарга нараас хүсэж байгаа аж. Хэрэв энэ чигээрээ үргэлжилбэл ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.