🔴 Б.Лхагважав: Ерөнхий сайд, МАН-ны дарга, УИХ-ын дарга байсан бүх залуусаа бид хөөж явууллаа
МАН-ын ээлжит 31 дүгээр их хурал үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Бага хурлаас сонгогдсон шинэ дарга Д.Амарбаясгалан нарын илтгэлийг сонссон. Мөн хэлэлцэх асуудлын дарааллын дагуу тайлан, илтгэл /Уламжлал, шинэлчлэл, хөгжилд хөтөлсөн МАН/, Хяналтын Ерөнхий хорооны тайлан, илтгэлийг сонссон.
МАН-ын дарга сонгох 13 дахь даргыг сонгох сонгууль албан ёсоор эхэллээ. МАН-ын ЕНБД Я.Содбаатар МАН-ын даргад Н.Учралыг дэвшүүллээ. Харин заалнаас Урбанек ХХК-ийн захирал Б.Лхагважав, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нар нэр дэвшлээ.
Эхлээд нэр дэвшигч Н.Учрал илтгэлээ танилцууллаа. Түүний дараа мөн намын даргад нэр дэвшигч Б.Лхагважав үг хэлэв.
Тэрбээр, Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд байсан, МАН-ны дарга байсан, УИХ-ын дарга байсан залуугаа хөөн явууллаа. Н.Энхбаяр, С.Баяр дарга нарт ч ийм хүндрэл тулгарч байсан. Тэд бүгд шоронд орсон. Энэ бол манай улсын тогтолцоонд тулгарч байгаа хүндрэл юм. Газрын хэвлийн баялагт очихын тулд Үндсэн хууль, төрийн систем зэрэг янз бүрийн механизм ашиглаад шийдвэр гаргасан бүх улс төрчдийг шоронд явуулж байна. Энийг бид бодох ёстой. МАН-ын 30 дугаар их хурал дээр Л.Оюун-Эрдэнэ сайдыг намын дарга болж байхад би мөн хэлж байсан. Төрийн өмч дээр шийдвэр гаргасан улс төрч бүр шоронгийн хадаас болж байна. Энэ бол монголчууд маань газрын хэвлийн баялгаасаа болж яваандаа дэлхийн хөрснөөс арчигдах зам руу орох гэж байна. Шийдвэр гаргаж байгаа хүмүүсээ хамгаалах хэрэгтэй байна. Төрийн, нийтийн хамааралтай өмчийн асуудал дээр шийдвэр гаргадаг прокурортой болох ёстой, Цэцтэй болох ёстой.
Ийм байдалд оруулж, шийдвэр гаргаж байгаа хүмүүсээс МАН болгоомжлох хэрэгтэй байна. Шийдэх ёстой бөглөөс болсоор 30 жил өнгөрлөө. МАН өөрөө цэвэрших ёстой болжээ.
Эцэст нь хэлэхэд, олонхын санал авч Н.Учрал намын дарга болох юм шиг байна. Н.Учралдаа амжилт хүсье. Гэхдээ 100 гаруй жилийн түүхтэй нам ганцхан нэр дэвшигч гаргаад, баталчихаж болохгүй байх. Ардчилалтай нам болохын хувьд сайхан шударгаар өрсөлдье. Намайг дэмжээрэй, гишүүд ээ гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.