Иргэн: Бүх төрлийн тамхи татаж үзсэн ч эцсийн дүндээ бүгд ижил хортой

AI хөрвүүлсэн
Иргэн: Бүх төрлийн тамхи татаж үзсэн ч эцсийн дүндээ бүгд ижил хортой

Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг тэргүүтэй гишүүд санаачилж, өдгөө парламентээр хэлэлцэж эхлээд буй. Нийтийн өргөн хэрэглээ болсон тамхины татварыг нэмэгдүүлэх нь зөв, буруу эсэх асуудлаар манай сайт иргэдийн дуу хоолойг цувралаар хүргэж байна.

Иргэн Ц: Би 10 гаруй жил тамхи татсан. 2021 онд электрон тамхи татаж үзсэн. Хүн болгонд янз бүр байдаг байх. Миний хувьд сөрөг нөлөө нь амьсгалын замын хүндрэл маш их гардаг. Өглөө босохоор хоолой ам тагларчихсан босож ирдэг.

Янжуур тамхиа больё гэж бодож байтал 2021 онд электрон тамхи гараад, тамхинаас гарах гэж байгаа хүмүүст зориулсан гэсэн сурталчилгаа их байсан тул авч татсан. 1-2 жил орчим татаж үзсэн. Янжуураа хаяад электрон тамхи татаад багасгаж байгаад гарчихъя гэсэн бодолтой байсан.

Эцсийн дүндээ ойлгосон зүйл гэвэл энэ бол яг тамхитай адилхан, никотинтой. Янжуур тамхийг ажлаасаа гараад эсвэл тагтан дээр гарч татдаг байсан бол электрон тамхийг хаана ч хамаагүй, хүнтэй яриад сууж байхдаа хүртэл татдаг. Дам тамхидалт гэдэг шиг электрон тамхины тоосонцор нь хажуу дахь хүнд сөргөөр нөлөөлдөг юм байна лээ.

Энэхүү ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

Электрон тамхи татаад тамхины асуудал гарахгүй гэж бодсон чинь эсрэгээрээ хаана ч хамаагүй, орон дотроо хүртэл татаад байхаар илүү их татаад сүүлдээ цээж өвдөөд байсан. Цээж өвдөж байна гэдэг чинь уушги л байх. Тэгээд больё гээд л больсон.

Өсвөр насныхан, залуучууд маш их хэрэглэж байгаа. CU-д явж байхад насанд хүрээгүй хүүхэд тамхи аваад өгөөч гэж гуйдаг. Дараа нь бодоход тийм юмыг өөгшүүлж болохгүй юм шиг санагдсан.

Одоо эмзэглээд байгаа зүйл нь 10 жилийнхэн битүү татаж байна. Сая судалгаа хийж үзсэн чинь 5 хүүхэд тутмын 1-2 нь электрон тамхи татаад байна гэсэн. Хэдэн зуун мянган амт үнэртэй гардаг. Залуучуудын дунд тренд маягийн юм болоод байгаа юм уу? Хаа хамаагүй татаад байж байгаа нь илүү амар болчихсон ч юм уу?

Зарим сургуулийн удирдлагууд нэгжлэг хийхээр тамхиа нуудаг малгайтай самц хүртэл гарчихсан байна гэсэн. Хүүхдүүд баригдахгүй яваад байгаа. Ирээдүйгээ боддог бол тамхидалтыг бууруулах хэрэгтэй. Насанд хүрсэн хүн бол өөрийнх нь ухамсрын асуудал. Хүүхдүүдийн хувьд зохицуулах гол зүйл нь үнийг нь өсгөх ёстой.

Олон улсад туршигдаад батлагдсан зүйл нь үнийг өсгөх. Европын орнууд, Австралид тамхи маш үнэтэй. 20 хэдэн доллароор 1 хайрцаг тамхи авдаг. Тэгж үнийн хувьд залуучууд, хүүхдүүд авах боломжийг хязгаарладаг. Насанд хүрэгчдийн хувьд ч гэсэн эдийн засгаар нь боож тамхинаас гаргадаг.

Сошиал дээр гараад байгаа зүйлийг харж байгаа. УИХ-ын гишүүд ажлын хэсэг гарсан байна лээ. Энэ хууль яаж ч гарсан байсан үнэ болон татварыг л өндөр тогтоох ёстой байх. Тэгж байж л эцэг эхчүүдийн санаа зовоод байгаа асуудал бага ч гэсэн багасна гэж бодож байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.