🔴 МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

🔴 МОНГОЛ УЛСЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.11.12)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
 
Төсвийн төсөлд нийгмийн халамжийн чиглэлээр:
 
-Багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр, 11 дүгээр сарын 01-ээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр,
-Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөгөөр,
-Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145,000.0 сая төгрөгөөр,
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгджээ.
 
Урсгал зардлыг нийт 990,169.0 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361,138.2 сая төгрөгөөр тус тус бууруулан баталлаа
 
Эдгээр өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2026 оны тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32,2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний-1,0 хувьтай тэнцүү байхаар тогтлоо.
 
Чуулганы хуралдааны бичлэгийг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
 
Энэ талаар Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж төсвийн зарлага жилээс жилд огцом тэлдэг байдлыг ирэх жилийн төсвийн хувьд таслан зогсоож, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтөд дулдуйдсан урсгал зардлын тэлэлтийг 2.0 хувиас хэтрүүлээгүй нь онцлог болж буйг дурдаад, нийгэм эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг дэмжиж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, тус салбарт ажиллагсдын цалин, ахмадын тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэхдээ урсгал зардлынхаа хэмжээг хэвээр хадгалж шийдсэнийг онцоллоо. Манай улс төсвийн орлогынхоо 90 хүртэлх хувийг татвараар бүрдүүлж буй нь аж ахуйн нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт хэрхэн нэмэгдэж байгааг анзаарахаар байгааг анхааруулаад, татвартай холбоотой шинэчлэл, хуулийн төслүүдээ яаравчлан Улсын Их Хуралд оруулж, ажил хэрэгч хандахыг гишүүдэд зөвлөлөө. Эдийн засгийн тодорхойгүй байдал, хямралын үед бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд иргэд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэл чухал бөгөөд итгэл үгүй бол бодлогын үр нөлөө суларч эдийн засгийн хямрал гүнзгийрдэг гэдгийг ухамсарлаж ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүслээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.