Гурван улсын аялал жуулчлалын сайд нарын нэгдсэн хуралдаан боллоо
Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын нэгдсэн хуралдааныг Дархан-Уул аймгийн Дархан хотод 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.
Уг нэгдсэн хуралдааныг нээж Монгол Улсын талаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, БНХАУ-ын талаас Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ван Жианхуа, ОХУ-ын талаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.С.Вахруков нар тус тус үг хэллээ.
Талууд 2025 оны хамтын ажиллагааны явцыг дүгнэн, ирэх жилүүдийн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, боомтын үйл ажиллагааг олон улсын түвшинд идэвхжүүлэх, дижитал шилжилт болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах “Цайны зам”-ыг түүх, соёлын аяллын маршрут болгон хөгжүүлж харилцан жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх замаар Монголын соёл, уламжлалт үнэт зүйлсийг олон улсад сурталчлах чиглэлээр нэгдсэн байр суурьт хүрэв.



Энэ удаагийн хуралдаанаар гурван улсын аялал жуулчлалын тэргүүлэх чиг хандлага “Цайны зам”-ын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, бүтээн байгуулалт, дэд бүтэц, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, хамтарсан туршлага солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Мөн “Цайны зам”-ын брэндийг бий болгох санал, санаачилгуудыг дэвшүүлэв.
Нэгдсэн хуралдааны үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Батчимэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл, Аялал жуулчлалын газрын дарга Жи Шаочи, ОХУ-ын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Уманский Илья Геннадьевич, ОХУ-ын ӨНББ “Галерия Чайка”-н захирал нар тус тус илтгэл танилцууллаа.

Талууд IX хуралдааны үр дүнд “Хуралдааны протокол” болон Монгол, Хятад, Оросын “Цайны зам”-ын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Мөн Дархан-Уул болон Төв аймгууд “Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо”-ны Нарийн бичгийн газарт гишүүн аймгаар элсэх хүсэлтийг танилцуулж, гардууллаа. Дараагийн X хуралдааныг 2026 онд БНХАУ-д зохион байгуулахаар тогтов.
Дархан-Уул аймагт зохион байгуулсан энэхүү IX хуралдаан нь гурван улсын харилцан итгэлцэл, найрсаг хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, “Цайны зам”-ыг бүс нутгийн аялал жуулчлал, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гол тэнхлэг болгон хөгжүүлэх эхлэлийг тавьсан ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.