Ирэх онд дэлхийн 197 улсын төлөөлөгчид 12 өдрийн турш манай улсад чуулж, байгаль экологийн асуудлаар ярилцана

Ирэх онд дэлхийн 197 улсын төлөөлөгчид 12 өдрийн турш манай улсад чуулж, байгаль экологийн асуудлаар ярилцана

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар /2025.11.04/ COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар бага хурлын бэлтгэлийн хүрээнд хийж, гүйцэтгэж буй ажлын талаар товч танилцуулав.

Тухайлбал, барилга байгууламжийг бэлтгэх ажлын хүрээнд хурлын байрны суурь дэд бүтцийн явцын тухайд мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ таталт бүрэн дууссан, ус хангамж болон ариутгал татуургын систем суурилуулах ажил 88, цахилгааны сүлжээ таталт болон зогсоолын засварын ажил 45 хувьтай байна. Цаг агаар хүйтэрч дэд бүтцийн ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй болсон тул ажлыг ирэх жилийн 03 дугаар сараас үргэжлүүлнэ. Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Төлөвлөлтийн багаас өгсөн дүн шинжилгээгээр 2026 оны 7 дугаар сарын эцэс гэхэд барилга байгууламжийн ажил бүрэн хийгдэж, дуусах боломжтой гэв.

Мөн Талуудын 17 дугаар бага хурал эхлэх хүртэл 285 хоног үлдсэн тул НҮБ-ын стандарт бүхий хурал гэдэг агуулгаар СОР зохион байгуулж байсан туршлагатай олон улсын туслан гүйцэтгэх байгууллагатай хамтарч ажиллах нь эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангахад чухал шаардлагатай зэргийг харгалзан шалгуурт нийцсэн хүсэлтээ илэрхийлсэн гадаадын компанийг сонгон шалгаруулж, конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай гурвалсан гэрээгээр ажиллахаар тогтсон гэж байлаа. 

ee7d684476ac42488be08fde1b0088d9?d=0

Т

Түүнчлэн Монгол Улсаас дэвшүүлэх санаачилгыг боловсруулах ажлын хүрээнд  Үндэсний хорооны Ажлын албанаас боловсруулж буй Олон улсын байгууллагуудаас гадна Булангийн, Европын Холбоо, Африк болон Төв азийн улсуудын сонирхлыг ихэд татан, олон улсын хэмжээнд сайжруулалт хийж буй “Гандуу бүсийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд ус ба газрын менежментийг хөхүүлэн дэмжих”, хувийн хэвшлийн салбарын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих “Байгальд суурилсан шийдлийг ашиглан тогтвортой дэд бүтцийн салбарыг бэхжүүлэх санаачилга” зэрэг санаачилгыг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр боловсруулж байна.

Монголын талаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн болон олон улсын мэргэшсэн байгууллагууд хамтран Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсаас олон улсын хэмжээнд танилцуулахаар бэлтгэж буй “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ын төслийг боловсруулж эцэслэв. Уг санаачилгаар дамжуулан Монгол Улсад хамгийн багадаа 500 сая ам.доллар бүхий төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн урьдчилсан тооцоолол байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон. 

0da58ffd04894162a5f020f03182d127?d=0

Санхүүжилт, хөрөнгө оруулалт татах ажлын хүрээнд, дээрх гурван санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилт татах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ Талуудын 17 дугаар бага хурлын  байр,  барилга байгууламжийн зардлыг санхүүжүүлэхэд дэмжлэг туслалцаа авахад чиглэж байна гэв. Тухайлбал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Даян дэлхийн байгаль орчны сан, Уур амьсгалын ногоон сангаар дамжуулан санхүүжилт, хөрөнгө оруулалт татах ажилд тодорхой ахиц гарч, нааштайгаар шийдэгдэж байгаа аж.

Түүнчлэн, Талуудын 17 дугаар бага хурлыг сурталчлах, олон нийтэд зөвөөр таниулах, хөрөнгө оруулалтын чиг баримжааг томосгох хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Л.Мөнхбаясгалан нарыг Тусгай элчээр томилсон нь нэг талаараа Монгол Улсын төрийн бүхий л байгууллагууд ач холбогдол өгч байгааг нотлон харуулах, нөгөө талаар шийдвэр гаргах түвшинд байгаль орчны асуудалд анхаарал хандуулан оролцоог нэмэгдүүлэх болно гэдгийг онцлов.

ed6ed8b7269346018afbe71f21efd74b?d=0

Мөн дотоод хөрөнгө оруулалт, нөөцийг ашиглах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Монголын Бизнесийн зөвлөлтэй хамтран “Business4Land” буюу бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий олон улсын санаачилгад үндэсний оролцогч талуудын түншлэлийг баталгаажуулах, улмаар Монгол Улсад бүртгэлтэй байгаль орчны салбарт финтек зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагуудтай инновацад түшиглэсэн түншлэлийг хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байгааг мэдээлэлд дурдлаа.

Бага хурлын ерөнхий агуулгын хүрээнд, дэлхийн 197 улс нэгдэн орсон олон талт гэрээ конвенцын шийдвэр гаргах үндсэн хуралдааны агуулга, хөтөлбөр, төлөвлөгөөг зохион байгуулагч улсын Засгийн газар болон конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хамтран шийдвэрлэдэг гэдгийг сайд онцлоод зарим асуудлуудыг ажлын түвшинд тохиролцоод байгаа гэлээ. Тодруулбал, бага хурлын ерөнхий уриа нь “Эх байгалиа сэргээж, Итгэл найдварыг бадраая” буюу “Restoring Land, Restoring Hope” гэж нэрлэх саналыг дэвшүүлж  байна. Үүнтэй холбоотойгоор “Эдийн засгаа сайжруулъя”, “Амьдралыг тэтгэе”, “Усны нөөцийг хамгаалъя”, “Өв соёлоо хадгалъя”, “Эрүүлийг эрхэмлэе”, “Тэсвэрлэх чадвараа нэмэгдүүлье” гэсэн дэд урианууд “Газрыг нөхөн сэргээж” гэдэг агуулгатай холбоос хэлбэрээр хэрэглэгдэх боломжтой. Ерөнхий уриатай нийцүүлэн 12 өдрийн хурлыг зохион байгуулахдаа зургаан сэдэвт өдөртэй байхаар тогтсон гэж байлаа.

2be476db726d4d30b03dba72776e4c71?d=0

Гадаадын төлөөлөгч нарыг оролцуулах ажлын хүрээнд Үндэсний хорооны өндөр дээд зочид төлөөлөгчдийн оролцоог хангах үүрэгтэй Гадаад харилцааны яамаар ахлуулсан дэд хорооноос төр, Засгийн газрын тэргүүд болон олон улсын байгууллагуудын удирдлагуудыг урин оролцуулах асуудлыг тусад нь хариуцан ажиллаж байна. Одоогийн байдлаар 30 орчим өндөр дээд зочдод урилга хүргүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хурлын ерөнхий сэдэв тодорхой болохыг хүлээж байгааг Б.Батбаатар сайд дурдахын зэрэгцээ Саудын Араб Улсын Эр-Риад хотноо болсон Талуудын 16 дугаар бага хуралд нэгдэн орсон улсуудын Засгийн газрыг төлөөлөн нийт 141 сайд оролцсон тул манай улс энэ тоог бууруулахгүй байх чиглэлтэйгээр ажиллаж байна гэв.

Түүнчлэн Талуудын 17 дугаар бага хурлын албан ёсны вебсайтыг энэ оны 12 дугаар сард эхлүүлэх бөгөөд үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй мэдээллээс гадна буудаллах боломжтой гэрээт буудлууд, аялал жуулчлалын олон төрлийн маршрут зэрэг мэдээллүүдийг нэгтгэсэн байхаар ажиллаж байна. Уг вебсайтыг конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын вебсайттай холбон олон улсад түгээн, оролцох төлөөлөгч нарт танилцуулж байх юм. Талуудын 17 дугаар бага хурлын албан ёсны бүртгэлийг ирэх жилийн гуравдугаар сараас конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар албан ёсоор эхлүүлснээр зочдод үйлчлэх хот доторх унаа тээвэр, нислэг болон хоол, хүнс, сайн дурын ажилтан, угтах зочлох зэрэг бусад үйлчилгээний урьдчилсан тооцоолол гарах тул ирэх жилийн эхний улиралд дотоодын бэлтгэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ онцлов.

bb4f3b82e9cf41cea2c7478c01590b18?d=0

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, Г.Ганбаатар, С.Одонтуяа, Э.Болормаа нар асуулт асууж, санал хэлсэн. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулснаар ялангуяа гадаад бодлого, хөрөнгө оруулалтын хувьд таатай шинэ түвшинд гарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд мэдээлэлд дурдсан барилга байгууламжууд хугацаандаа дуусах эсэх, санхүүжилтийн тухайд төлөвлөгдсөн ажлуудаа хийж амжих талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар 500 сая ам.доллар бүхий төслүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт урьдчилан төлөвлөсөн ямар төслүүд тусгасныг лавлав. Гишүүд уг бага хурлыг үр дүнтэй, өгөөжтэй зохион байгуулахад онцгой анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.

a24b6e95a6d64bab8c8b55ac121f2a19?d=0

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар олон улсын өмнө үүрэг хүлээгээд зохион байгуулах энэ том арга хэмжээнээс ухрах гарц, цаг хугацаа байхгүй болсныг хариултдаа онцлоод үүнд Улсын Их Хурал дэмжлэг үзүүлж ажиллах нь зүйтэй гэв. Мөн хурал зохион байгуулах газрын дэд бүтцийн 80 хувийг хийж гүйцэтгээд дууссан. Харин түр байгууламжуудыг барихад хоёр сарын хугацаа  зарцуулах тул гуравдугаар сард угсралтын ажлууд эхлээд тавдугаар сард дуусна гэж байлаа. Түүнчлэн  бага хурлыг амжилттай зохион байгуулах нь олон улсад Монгол Улсын нэр хүндийг өргөх асуудлаас гадна тогтвортой хугацаанд байгаль орчны салбарт хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Өнөөдөр Монгол орны газар нутаг, ан амьтан, экологи, цаг уурын нөхцөл байдлын талаар хүн бүр мэдэж байгаа тул энэ чиглэлд томоохон ахиц дэвшил гарна гэдгийг хариултдаа онцлов.

3ee431d627d548f5b9a48ad646d6221a?d=0

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ арга хэмжээ нь зөвхөн холбогдох яамдын ажил биш тул Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зүгээс дэмжиж ажиллах шаардлагатай гээд Тусгай элчээр томилогдсон гишүүд тодорхой туршлагатай хүмүүс байгаа тул тэднийгээ ашиглаж, ажиллуулахад анхаарах, бага хурлын хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой нарийвчилсан мэдээллийг салбарын яам Байнгын хорооны гишүүдэд тусдаа танилцуулах нь зүйтэй гэсэн саналыг хэлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дорж 1 цаг өмнө
Cop 17 энэ хурлыг манайх зох байгуулж чадахгүй ээ, манайд ийм санхүүгийн боломж алга, тэгээд ч 12 хоног хуралдана гэв үү! АСЕМ гэдэг форум 4 өдөр болоход зам хөдөлгаөн хааж байсан, бид хагас сар шахуу ажил амьдрал аа алдмааргүй бна?больж үзээрэй тэнэгүүд минь