М.Элдэвсайхан: Боловсролын салбарын ирээдүйд зориулсан тэмцлээ юу бодож дундаас нь зогсоох юм бэ?

AI хөрвүүлсэн мэдээ
М.Элдэвсайхан: Боловсролын салбарын ирээдүйд зориулсан тэмцлээ юу бодож дундаас нь зогсоох юм бэ?
Багш нарын ажил хаялтын талаар багш Б.Элдэвсайхантай хийсэн ярилцлагаа хүргэж байна. 
 
-Багш нар ажил хаялтаа дундаас нь зогсоохгүй гэж та бодож байна уу? Яагаад ингэж бодож байгаа вэ?
 
-Би багш нарыгаа ажил хаялтаа тэгж дундаас нь зогсоох хэмжээний сэтгэл зүйтэй байна гэж ерөөсөө бодохгүй байгаа. Зүгээр хамт олныхоо уур амьсгалыг хараад л тэр. Яаж ч бодсон бид нар тэмцлээ дундаас нь зогсоохгүй. Иймхэн цалингийн төлөө юу?
 
-Ажил хаялтыг хууль бус гэж зарим талаас хэлж байгаа. Үүнд та юу хэлэх вэ? Үргэлжлүүлэхэд бэлэн үү?
 
-Шат шатандаа хууль бус гээд байгаа боловч энэхүү тэмцэл хууль ёсны гэдэгт итгэл үнэмшилтэй байна. Явж явж энэ бол ирээдүйн боловсролын салбарын асуудал шүү дээ.
 
Энэхүү ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
 
-Боловсролын салбарын ирээдүйд энэ ажил хаялт ямар нөлөө үзүүлэх вэ? Ялангуяа боловсон хүчний тухайд?
 
-Яг иймэрхүү байдалтай байгаа салбарт ирээдүйд ямар сайхан боловсон хүчин ирэх юм бэ? Чадалтай хүмүүс өөр тийшээ л явна шүү дээ. Салбарынхаа ирээдүйн төлөө хийж байгаа алхам шүү л гэж хэлье. 
 
-20%-ийн цалингийн нэмэгдэл багш нарын амьдралд хүрэлцэх үү?
 
-Яг үнэндээ бол 20%-ийн нэмэгдэл үнэхээр бид нарын амьдралд хүрнэ гэж байхгүй. Багш нар бол энэ нийгмийг сэхээтэн хэсэг шүү дээ. Цалин амьдралд хүрч байсан бол бид юу гэж ингэж тэмцэх вэ дээ. Цалингийн 20% нэмэгдээд ч хаанаа ч хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой байна шүү дээ.
 
-Сайд багш нарын цалингийн системийн ялгааны тухай ярьж байгаа. Түүний хэлсэн зүйлд та хэрхэн хандаж байна вэ?
 
-Өнөөдөр сайд маань хамгийн өндөр цалинтай багшийн цалинг жишээ татаж бидний дундаж цалин мэтээр ярьж байгаад би үнэхээр харамсаж байна. Тэр 2,1 сая төгрөгийн цалинг маш цөөхөн хүн авдаг. Яг ингээд ярьчихаар хүмүүч "Өө энэ багш нар чинь өндөр цалинтай юм байна" гэх ойлголт төрөөд байгаа юм. Бид нарын  тэмцлийг сааруулах гэж байгаа бас нэг арга саам юм болов уу л гэж би харж байгаа.
 
-Энэ ажил хаялтыг та зөвхөн амьжиргааны төлөөх тэмцэл гэж харж байна уу, эсвэл илүү өргөн утга байгаа юу?
 
-Бид нарын ажил хаялт бол хууль ёсных. Өнөөдөртөө ингээд аргацааж байгаа амьжиргааны төлөөх тэмцэл гэж битгий хараасай. Энэ бол боловсролын салбарын ирээдүйн төлөө, шинэ залуу боловсон хүчнийг дуудах гэж байгаа нэг алхам, нэг тэмцлийн хэлбэр шүү. Энийг ойлгоосой.
 
-Ард түмэн, эцэг эхчүүд энэ ажил хаялтыг хэрхэн хүлээж авч байна вэ? Дэмжлэг байгаа юу?
 
-Ер нь бол ард түмэн, эцэг эхчүүд аягүй сайн ойлгож харж байгаа гэж би хувьдаа бодож байна.  "Дэмжиж байгаа шүү" гэж хэлж байна.
 
-Ажил хаялт хэзээ дуусах вэ?
 
-Өнөөдрийн бидний хүсээд байгаа 3.5 сая төгрөгийн цалинд хүргэх хэмжээний нэмэгдэж байж энэ тэмцэл дуусах байх. Энэ зорилгодоо хүрнэ гэж найдаад л ингээд сууж байна. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Жүү 21 минут өмнө
Наад нөхрөө хал сурган хүмүүжүүлэгч ийм байж болохгүй